Харцага Ш.Мөнгөнбаатар Алтан дарь овооныхоо тахилга наадамд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-31 16:38:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар Алтандарь овооны тэнгэрийг тайх тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 наадамд  зодоглолоо. Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Мөнххаан сумын харъяат, Монгол Улсын начин Бо. Батжаргалаар долоо давсанаар Алтан дарь овооныхоо тахилгын барилдаанд түрүүлж, нутгийн зон олноо дахин баясгалаа.

Монгол Улсын аварга Н.Батсуурь Алтан дарь овооны тахилгад ирж оролцсон ч барилдаагүй юм.

Улмаар Монгол Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 256 бөх хүчит бөхийн барилдаанд зодоглосон юм. Алтан дарь овооныхоо тахилгад зориулсан барилдааны түрүүг гадны бөхөд алдахгүй юмсан гэх битүүхэн хүсэл наадамчин олонд байсан. Харин нутгаас төрсөн шинэхэн цолтон цолныхоо хүчийг харуулж, наадамчдаа ийнхүү баясгасан юм. Асгат сумын уугуул, Монгол Улсын шинэхэн начин Ба.Батжаргал барилдааны зургаагийн даваанд Монгол Улсын гарьд О.Хангайд өвдөг шорооджээ.

Барилдааны үеэр Сүхбаатар аймгийнЖавхлант бөхийн дэмжээний хамт олон шинэ цолтнууддаа хүндэтгэл үзүүлж, Ш.Мөнгөнбаатарт хоёр өрөө, Ба.Батжаргалд нэг өрөө байрны эрхийн бичиг гардуулан өгөв. Мөн дасгалжуулагч багш, аймгийн арслан О.Баярхүүд багшийн алдар 10 сая төгрөг гардууллаа.

Барилдааныг бөх тайлбарлагч Н.Хүрэлбаатар наадамчин олонд тайлбарлан хүргэв.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ