Нийгмийн хэрэгцээ биологийн нөөцөөс 1.5 дахин илүү гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-30 16:07:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон байгалийн олон бүс, бүслүүрийн зааг дээр оршдог, үүнийг дагууд биологийн төрөл зүйл нь өвөрмөц байдаг.
Тухайлбал, манай улсад 130 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 70 гаруй зүйлийн загас, 13.000 орчим шавьж бүртгэсэн байдаг. Мөн 600 орчим төрлийн шувуу байдаг.  Энэ бүх байгалийн баялаг, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалж хадгалах явдал чухал байгааг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор Я.Адьяа онцлож байна. Тэрээр, “Монголд дэлхийд байхгүй ховор зүйлийн биологийн төрөл зүйл байгаад олон улс анхаарлаа хандуулах учиртай. Бид мөн эзэн хүний хувьд хайрлан хамгаалж хадгалж үлдээхэд хувь нэмрээ оруулах учиртай. Биологийн нөөц нь хүн төрөлхтөний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой болсноор үнэ цэнийг дэлхий нийтээр улам ойлгох болоод байна. Хүн төрөлхтөний хэрэгцээ биологийн нөөцөөс даруй 1.5 дахин их болсон гэсэн судалгаа байна” гэв.
Тодруулга: Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцийг Бразил улсын Рио де Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр 1992 оны 5-р сарын 22-нд батлан гаргасан бөгөөд Монгол Улс энэ конвенцид нэгдэн ороод 25 жил болж байна. УИХ 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар манай улс уг конвенцид нэгдэн орсон дэлхийн 30 дах орон болсон юм.
Б.Болд
Холбоотой мэдээ