Палестин эмэгтэйн хөргийг зурсан хүмүүсийг улс орноосоо явуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-30 12:05:51
ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Иордан голын баруун эргийг ороосон бетонон ханан дээр Палестины хоригдол эмэгтэйн хөргийг зурсны улмаас баривчлан саатуулагдсан Италийн 2 зураачийг Израилийн эрх баригчид улс орноосоо явуулах шийдвэр гаргажээ.
 
Тэднийг аюулгүй байдлын дэд бүтцэд хохирол учруулж, сүйтгэсэн гэх хэргээр баривчлан саатуулсан байна.   
 
“Хилийн цагдаа нарын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Италичуудын хэргийг цагаачлалын албанд шилжүүлсэн бөгөөд тэдний Израильд оршин суух зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, улс орныг 72 цагийн дотор орхин явах боломжийг олгожээ” гэж цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Италийн зураачид Израилийн цэргийнхэн рүү дайрч 8 сар шоронд хоригдсон 17 настай Палестин охин Ахед Тамимийн аварга том хөргийг Вифлеем дүүрэгт зуржээ. Ахед Тамими өнгөрсөн ням гарагт шоронгоос суллагдсан байна.  

2002 онд Иордан голын баруун эрэг дагуу босгосон 8 м өндөртэй бетонон ханыг Израильчууд терроризмтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг гэж үздэг бол Палестинчууд энэ ханыг эзлэн түрэмгийлэх арга хэрэгсэл гэж үздэг байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ