Архивын албанд лавлагааны нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2018-07-27 14:16:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1998 онд баталсан Архивын тухай хуулийг шинэчлэн найруулж өөрчлөх гэж байна.
Өнөөдөр Монголын төрийн болон төрийн бус бүх байгууллага, ажилтан, иргэн бүр өөрсдийн архивыг хөтөлж бүртгэх болсноор архивын баримтын үнэ цэн өсч эргэлтэнд орж, тэр бүхнийг дагаад архивын лавлагааны ачаалал их болжээ. Гэтэл архивын албанд төрийн бусад байгууллагад хэдийнэ нэвтрээд буй цахимжилт, нэг цэгийн үйлчилгээ байхгүй, иргэд лавлагаа авахаар дугаарласан хэвээр байна. Архивын баримт нь бүгд түүх болон үлдэх учир тэр бүхнийг бүрэн бүтэн, үнэн зөв авч үлдэх учиртай архивын үйл ажиллагааг зохицуулж буй Архивын тухай хуулийн заалт зүйлүүд одоо мөрдөж буй зарим хууль тогтоомжтой уялддаггүй болжээ. Мөн архив бүртгэл хөтлөл дээр гарч буй зөрчил дутагдлыг шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн заалтууд бүхэлдээ цаг үетэйгээ нийцэхгүй байгааг саяхан болж өнгөрсөн Архивын ажилтны улсын зөвлөгөөн уулзалт дээр архивын ажилтнууд хэлж шүүмжлэлттэй хандаж байв. Иймд Архивын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж өөрчлөх гэж байна. Өөрчлөхдөө хуучин Архивын албан хэрэг хөтлөлтийн хуульд албан хэрэг хөтлөлтийн талаар 2-хан заалт байсныг одоо шинэчилсэн найруулгаар тусдаа бүхэн бүтэн бүлэг болгон оруулж байгаа аж. Шинэчилсэн хуульд байгууллагын үйл ажиллагаанд баримтлах албан хэргийг хөтлөх зүйл заалтыг оруулж, үйл ажиллагааг хэрхэн зөв бүртгэн хөтлөж баримтжуулж түүнийгээ архивлах зэргийг тусгахаар болжээ.
Архивчдын улсын зөвлөгөөн уулзалтад оролцсон аймаг, орон нутгийн архивын ажилтнууд одоо шинэчлэх гэж буй хуульд юуны өмнө, мэдээлэл баримтыг бүрэн хүлээн авахад хэн ямар эрх, үүрэг хүлээхийг нарийн тусгаж, архивын бүртгэл хөтлөлтөд хяналт тавих эрхзүй, агуулгын өөрчлөлт үгүйлэгдэж байгааг хуульд оруулж өгмөөр байна гэсэн саналаа хэлж байв. Хуульд өөрчлөлт орсноор архив, албан хэрэг хөтлөлт сайжирч улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар дээшилнэ гэж үзэж байна.
Б.Болд
 
Холбоотой мэдээ