Аялал жуулчлалын салбарт хаягжилтын дижитал технологи үйлчилгээ нэвтэрч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-22 20:40:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийн компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.
Засгийн газар, БОАЖЯ хамтран аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дэмжиж Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгохыг зорьж, шат дараалсан үйл ажиллагаа хэрэгжиж байгаагийн нэг нь “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийг нэвтрүүлж байгаа явдал юм. Энэ талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайд хүрэлцэн ирж талархал илэрхийлсэн юм. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Засгийн газраас аялал жуулчлалын салбарын зах зээлийг үндсэн болон дижитал дэд бүтэц гэсэн хоёр тулгуур баганыг түшиглэж хөгжинө гэсэн байгаа. Манай улс жилд нэг сая жуулчин хүлээн авах, 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-ийн орлогыг ДНБ-ний 10 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнд дижитал технологид суурилсан аялал жуулчлалыг дэмжих ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх юм. Үүнээс гадна гадаадын болон дотоодын жуулчдад тулгардаг хүндрэлийн нэг хаягжилтын асуудлыг “what3words” буюу 3 үгт системийг ашиглан шийдвэрлэх гэж байна гэв. “What3words” компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга ярихдаа, “what3word”  компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуудад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгсөн бөгөөд дэлхий нийт тэр чигээрээ энэ аппликейшнд бүртгэгдээд байгаа юм. Манай компанийн зүгээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Lonely Planet Mongolia” аялалын хөтөч номыг худалдаанд гаргасан. “Lonely Planet” нь 40 гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан алдартай ном бөгөөд “Lonely Planet Mongolia” номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага, үзвэр, үйлчилгээний газар 3 үгт хаягтайгаа багтсан юм. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэж буй  дэлхийн хамгийн анхны улс болж байгааг мөн энд дуулгахад таатай байна”  гэлээ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлэхдээ, “Яамны зүгээс байгалийн үзэсгэлэнт, түүхийн өв соёлын нөөц бүхий газруудын гол чиглэлийг гаргасан байдаг. Тэр газруудыг бүгд “what3word” аппликейшнд гурван үгт хаягаар тэмдэглэсэн тул үүнд тулгуурлаад аялагчдад зориулсан лавлагаа мэдээллийн нэгдсэн сан бүхий аппликейшнийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр гадаад болон дотоодын аялагчид энэ аппликейшнээс түүх, соёлын өв, байгалийн өв нь хаана байдаг, түүнийг дагаад ямар зочид буудал, жуулчны бааз, ресторан байдагийг төвөггүй олж мэдэх боломжтой болно гэсэн үг” хэмээн онцлож байв.
Б.Болд
 
Холбоотой мэдээ