Монгол Улс 140 гаруй улстай худалдаа хийдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-07 16:58:39

Аж үйлдвэрийн яам, “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо” хамтран “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус зөвлөгөөнийг нээж “Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр дэлхийн 20–иод улстай 200 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийж байсан бол өнөөдөр дэлхийн 140 гаруй улстай 10-11 тэрбум ам.долларын худалдаа хийж байгаа нь тус салбарын өсөлтийн цар хүрээг илтгэж байна.

Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш богино хугацаанд үйлдвэр, худалдааны салбарын бодлогыг цогц байдлаар тодорхойлж, тус салбарыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавин “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг боловсруулж, УИХ, Засгийн газраар батлуулаад байна. Бид цаашид үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдааны сүлжээ, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, ижил үнэ, стандарт, технологи, үйлчилгээ бүхий борлуулалтын сүлжээ бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Жижиглэн худалдаанд дэвшилтэд техник, технологи, сүлжээ дэлгүүрийн стандартыг нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллана” гэлээ.

Тус зөвлөгөөний зорилго нь жижиглэн худалдааны салбарыг хөгжүүлэх, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч  оролцож, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Миний дэлгүүр” Монхангай групп ТУЗ-ын дарга С.Сэргэлэн, “Мөнх Замбала корпораци” ХХК-ийн салбар хариуцсан захирал Б.Цэцэнгуа нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Н.Гантуяа 

Холбоотой мэдээ