Хурдан морины уралдааны гараанаас бариа хүртэл камержуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-06 16:44:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдэгдэхдээ, “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, зам болон морьдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, хамгийн холын зай 25 км-ээс эхлэн бариа хүртэл камержуулж хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь гараанаас гарсан морьдыг маршрутаар нь явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхдүүд мориноос унаж, осолддог байдлыг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчид уралдааныг машинтай дагахыг болиулна. Түргэн тусламжийн машинуудыг морь дагуулахгүйгээр гараанаас бариа хүртэл өртөөчилж байршуулна ” гэв.
Мөн уралдааны үеэр мэргэжлийн хүмүүс ажиллаж, сэрвээний өндөр зэргийг харгалзан морьдын үүлдрийг ялгана. Сэрвээний өндөр нь даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, соёолон, азарга 140 см, их насны морьд 141 см байхаар заасан байгаа. Сэрвээний өндөр заасан хэмжээнд хүрэхгүй байгаа боловч үүлдэрлэг байдал нь илт эрлийз байвал уралдаанд оролцуулахгүй. Уяачид ёс зүйтэй байж, эрлийз морьдоо өөрсдийн ангилалд нь уралдуулахыг уриалж байна” гэлээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг, нөхөн олговорыг 20 сая төгрөг болгосон. Үүнийг мэдсээр байж орон нутагт мэдэн будилж, хуучнаар нь даатгаж байна гэсэн мэдээлэл ирж байна. Ийм байдал гаргасан газрын удирдлагад арга хэмжээ авч, олон нийтэд мэдээлнэ. 21 аймагт бүх уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар явуулна” гэв.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг 12-20 машин дагадаг байна. Хурдан морины салбар хорооноос энэ жил хурдан морины уралдааныг найман машинаар дагуулахаар төлөвлөснөөс энд морь тайлбарлагч, эмч, чиглүүлэгч, морины комисс, шууд дамжуулалтын телевиз багтах юм байна.
 Б.Болд 
Холбоотой мэдээ