АХБХ-ны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифа Монголд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-04 14:22:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифа Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны урилгаар Монгол улсад анх удаа айлчиллаа.

Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан, МХБХ-ны удирдлага болон зөвлөлийн гишүүдтэй уулзав. Шейх Салман энэ уулзалтуудын үеэр сүүлийн жилүүдэд МХБХ-ны үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, АХБХ-ны хөгжилд хувь нэмрээ оруулж буйг ихэд үнэлэн сайшаав.

Ялангуяа талбайн хөлбөмбөгийн хувьд 2015 оноос 10 багтай болсон Монголын үндэсний дээд лиг илүү мэргэжлийн бүтэц, зохион байгуулалтад орж, дороо хоёр шатлалтай болсныг өндөр үнэлж, Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ийг нутагтаа зохион байгуулж Азийн 16, 19 хүртэлх насны охидын тивийн АШТ-д шигшээ багуудаа оруулах болсныг онцолсон юм. 

Мөн талбайн хөлбөмбөгөөс гадна эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд урт хугацааны төсөл, хөтөлбөр боловсруулан, АХБХ-ны "Dream Asia" сантай хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.



Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд өндөр үр дүнтэй ажиллаж байгааг тасралтгүй нэмэгдэх болсон үзэгчид, үндэсний шигшээ багийн амжилт зэргээс харж байгаа. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд болон спортод хүчин зүтгэж байсан хүний хувьд эх орондоо хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар МХБХ-ны үйл ажиллагааг аливаа санаачилгыг дэмжиж тусална” гэдгээ илэрхийлэв. АХБХ-ны Ерөнхийлөгчөөс цаашид ч МХБХ-ны хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг АХБХ-ны бодлого, чиглэлийн хүрээнд дэмжин ажиллахаа мэдэгдэв.

Тухайлбал, МХБХ-ны эхлүүлсэн дасгалжуулагчийн сургалтын төлбөрийг цаашид 2 жилийн турш дэмжиж, мөн гадаад орноос туршлагатай техникийн захирал томилон ажиллуулж, цалинг шийдвэрлэж өгөх зэрэг бодитой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээ, мөн 2019 оноос гишүүн холбоодод зориулсан бусад олон хэлбэрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх болсноо танилцуулсан юм.



МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар "АХБХ-ны Ерөнхийлөгч бидний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаа нь нэр төрийн хэрэг. Сүүлийн гурван жилд Монголын хөлбөмбөгт, хөлбөмбөгийн багуудад төдийгүй, холбооны ажиллагсадын мэргэжил, ур чадварын түвшинд гарсан амжилтаар бид бахархдаг. АХБХ-ны дэмжлэгтэйгээр бид цаашдаа эв нэгдэлтэй эх орондоо хөлбөмбөгийг дорвитойгоор хөгжүүлэн, Азийн хөлбөмбөгт ч хувь нэмрээ оруулах болно” гэлээ.

АХБХ-ноос жил бүр мөнгөн дэмжлэгээс гадна дасгалжуулагч, шүүгч, бусад мэргэжлийн боловсон хүчний сургалтанд олон талаар дэмжиж тусалж байгаа юм.

АХБХ-ны хүндэт төлөөлөгчдөд зориулж МХБХ-ны хамт олон хүндэтгэлийн үдийн зоог барьж, Монголын соёл урлагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулжээ. Энэхүү ёслолын үйл ажиллагаа АХБХ-ны зочдод ихэд таалагдаж, ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ