“Акустик халдлага”-ын улмаас 11 дипломат ажилтнаа эргүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-01 13:35:04
НЬЮ-ЙОРК. /ТАСС/.  “Акустик халдлага” гэж нэрлэгддэг мэдэгдэлтэй холбоотойгоор Хятад дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын 11 ажилтнаа АНУ-ын эрх баригчид эргүүлэн татжээ. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн Департамент Гуанжоу дахь консулын газрын 8, Шанхай дахь консулын газрын 1, Бээжин дэх ЭСЯ-ны 2 ажилтанг нутаг буцаажээ. Эдгээр ажилтанд АНУ-д эмчийн үзлэг хийж байгаа аж.

Тус сонины мэдээлснээр, Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын өмнө нь мэдэгдэж байсантай төстэй шинж тэмдгүүд Хятад дахь Америкийн дипломатуудад илэрсэн талаар яригдаж байгаа аж. Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “акустик халдлага” гэж нэрлэгдээд буй гадны нөлөө бүхий ямар нэгэн халдлагын улмаас 2016 оны намраас хойш Гавана хотод АНУ-ын 20 төрийн албан хаагч бэртсэн хэмээн АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн аж. Эдгээр ажилтан дотор муухайрах, толгой эргэх, дүлийрэх зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж гомдолжээ. Эмч нар эдгээр шинж тэмдгүүд  ажилтнуудад илэрснийг батлан илэрхийлэхийн сацуу зарим ажилтанд тархины гэмтлийн шинж тэмдэг илэрсэн болохыг мэдэгдсэн байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ