Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-28 16:23:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг батлав.
Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг анх удаа “зөрчилгүй” хэмээн дүгнэснийг Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ипотекийн зээл олголтод хяналт шалгалт хийсэн эсэхийг тодруулав. Мөн АСЕМ-ыг зохион байгуулах төсвийн зарцуулалтад хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хүслээ.
Ипотекийн зээлд хийсэн аудитын шалгалтын дүнг УИХ-д хүргүүлсэн гэдгийг Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэлээд, “АСЕМ-ын төсвийн зарцуулалтад хийсэн шалгалтаар нийт 397 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 17 албан тушаалтантай холбоотой 297 тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь дэмжиж, тогтоолын төслийг батлав.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ