Бүтээн байгуулалтад оролцсон зарим алба хаагчдыг шагнав

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2015-12-05 13:26:18

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтад идэвх санаачлагатай оролцсон, хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн зарим алба хаагчдыг өчигдөр шагналаа.

Тодруулбал, цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны үлдэгдэл гүйцэтгэлийг өвлийн хатуу ширүүн нөхцөлд богино хугацаанд ажиллаж ашиглалтад оруулсан Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339, 340 дүгээр ангийн алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Шагналыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар нар гардуулав.

БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бетон арматур, материал хийцийн үйлдвэрийн гагнуурчин Ш.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн тогооч У.Гэрэлмаа нар, “Дайчин алдар-3” медалиар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин, ахлагч Д.Мөнхцолмон, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн замын ротын жолооч, ахлагч Д.Галт нарын дөрөв алба хаагч энгэрээ мялаалаа.

”Эх орны төлөө-2” хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин, ахлах ахлагч Г.Чинболд нарын гурав, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инжененер, техникийн ротын замын гүүрийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Б.Санжмятав, Зэвсэгт хүчний  017 дугаар ангийн барилгачин,  ахлагч Ж.Төвшинтөгс болон дэд ахлагч Ч.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн токарьчин, ахлагч  Н.Уламбаяр, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн цахилгаанчин, ахлагч З.Батхуяг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилга угсралтын засварын ротын захирагч, ахлах дэслэгч Б.Гантогтох нарын  28 хүн энгэрээ мялаасан юм.

 

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ