Японы Кансай мужийн төлөөлөгчид эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-19 09:21:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Японы Кансай мужийн Сороптимист холбооны ерөнхийлөгч, Анагаахын их сургуулийн ТУЗ-ийн гишүүн Эгава Такако тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 122 орны 75 мянган гишүүнтэй Сороптимист холбооны гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа салбарын сайд уулзалтын эхэнд хэлээд, Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийхээр эрэлхийлж байгаа явдалд талархаж буйгааа илэрхийлэв.

Японы Кансай мужийн Сороптимист холбооны төлөөлөгчид боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай, ялангуяа өнчин, нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдэд чиглэсэн тодорхой ажил хэрэгжүүлэх саналтай буйгаа салбарын сайдад уламжиллаа.

Тэдний энэхүү хүсэлтэд салбарын сайд хариулахдаа, “Хүнд нөхцөлд амьдарч байгаа зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдэд туслах та бүхний санаачилгыг яамны зүгээс бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Монгол Улсад 100 орчим мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас 10 мянга орчим нь хүүхэд. Эдгээр хүүхдэд туслахын зэрэгцээ тэдэнтэй ажилладаг багш нарт мөн дэмжлэг, туслалцаа үзүүлж, Япон улсын туршлагаас судлах, суралцах чиглэлд хамтран ажиллаж болно. Мөн 380 хүүхэд суралцаж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд төдий тооны сонсголын аппарат хандив, тусламжаар өгөх гарц хайж буйгаа дуулгая. Басхүү харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн уншдаг брайль номын хүрэлцээ дутмаг, элэгдэлд орсон нь тэмтэрч уншихад хүндрэлтэй болсон тул дахин хэвлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс ном хэвлэх машин нийлүүлэх туслалцаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байна. Та бүхэн магадгүй энэ чиглэлд хөрөнгө мөнгөний дэмжлэг, туслалцаа үзүүлж болох юм” гэв. Сороптимист холбооны төлөөлөгчид салбарын сайдын санал болгосон дээрх ажлуудыг юун түрүүнд нутагтаа буцан очиж, хэлэлцээд бүхий л талаар дэмжиж болох гарц, шийдэл хайна гэдгээ илэрхийллээ.

Дашрамд мэдээлэхэд, Сороптимист байгууллага нь 1921 онд АНУ-ын Калифорний мужийн Окленд хотод байгуулагдсан. Байгууллагын нэрийг Латин хэлнээс орчуулахад “Сайн бүхнийг эмэгтэйчүүдэд” гэсэн утгатай. Олон улсын статустай болсон сайн дурын дөрвөн холбооны нэг Сороптимистудын зорилго нь эмэгтэйчүүд, охидод хүсэл, мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломжийг олгох, тэдний хүсэл эрмэлзлийг дэмжихэд оршино. Кансай мужийн Сороптимист холбоо нь хоёр жилийн өмнөөс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ