Хүүхдийн сувилал энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөнгөлттэй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-18 23:54:27

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэс сумын Эрүүл мэндийн төвийн дэргэдэх хүүхдийн сувилал амрагч хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тойргийн болон өөрийн сумын 30 гаруй хүүхдийг хүлээн аваад байна.
Эднийхэн жил бүрийн 6-8 саруудад 0-3 насны  суурь өвчтэй, өвчлөх эрсдэлтэй  хүүхдүүдийг гурван ээлжээр хүлээн авч  эмчилдэг байна. Эмчилгээг 10 хоног шар сүү, айргаар арчих, тосон болон сүүн иллэг массаж, толгойн бариа, элсэн дээр тоглуулах, наран шарлага, агаарт гаргах усаар чийрэгжүүлэх, хоол эмчилгээ, витаминжуулж, шаардлагатай хүүхдүүдэд эмийн эмчилгээг хийдэг ажээ. Энэ жилийн тухайд тойргийнхоо сумдын өрх толгойлсон эмэгтэйн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр хүлээн авч эхэлж байна.  Эднийхэн хүүхдүүдийнхээ хоолонд ихэд анхаарч өөрсдийн гараар тарьсан хүнсний ногоо, сүү цагаан идээгээр аль болох эмийн бус аргаар хүүхдүүдийг сувилдаг нь онцлог давуу тал болж эмчилгээ нь ч үр дүнтэй болдог ажээ.  2013 оноос эхлэн өөрсдийн санаачлагаар хүүхдийн сувилал нээн ажилуулсан нь олон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд зогсохгүй аймагтаа анхдагч хэвээр байна. Мөн сувилал ажиллаж эхэлснээр сумандаа жил бүр хүүхдийн суурь өвчлөлийг багасгаад зогсохгүй сүүлийн таван жил дараалан тус суманд хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт буурч аймгийн дунджаас бага гарчээ. 

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ