Нийт нутгийн 77.8 хувь газрын доройтолд өртөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
192@montsame.mn
2018-06-15 16:40:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс газрын доройтлоос ангижрахын тулд цөлжилтөөс зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-наас жил бүрийн 6 дугаар 17-нд болдог Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдрийг угтан зохион байгуулсан “Газрын доройтлыг тэглэх технологи, арга барил ба хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хэлэлцэв. Говийн бүс нутаг элсэрхэг суурьтай учраас цөлжилт тогтвортой байдалтай байгаа бол зүүн бүсийн аймгуудад цөлжилтийн үйл явц эрчимтэй явагдаж буйг ШУА-ийн Газарзүй, геологийн хүрээлэнгийн салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Манайд зарим хээр талын бүс нутаг зундаа сайхан ногоон харагдаж буй боловч цөлжилтийг үнэлэх үнэлэмж нь  ургамал доторхи өөрчлөлт, шугаман тоо хэр дээшилж доошилж байгаагаар илэрхийлэгддэг.



Цөлжилтийн шалтгаан нь говийн бүсийн нутагт уул уурхайн нөлөө их байгаа бол төвийн бүсэд аж ахуйн үйл ажиллагаа буюу хүний үйл ажиллагаатай холбоотой нөлөөлөл, мал аж ахуйгаас улбаатай бэлчээрийн даац хэтрэх, талхалдалт их байна. Монгол орны цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй, үлдсэн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Хүний үйл ажиллагаан дотроос цөлжилтөд хамгийн гол сөрөг нөлөө үзүүлж байгаа нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэлт юм.
Хэлэлцүүлгээр ШУА-ийн Газарзүй, геэкологийн хүрээлэнгийн ажилтан Н.Мандах “Газрын доройтлыг тэглэх нь: Зорилт, зарчим арга хэмжээ” сэдвээр, Ус цаг уур, орчны эрэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Н.Элбэгжаргал “Газрын бүрхэвч, газар ашиглалтын өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, доройтсон газрыг нөхөн сэргээх, доройтлоос урьдчилан сэргийлэх туршлагаа хуваалцаж, газрын доройтлыг тэглэхэд хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, үндэсний хэмжээнд газрын баялагт түшиглэсэн аж ахуй эрхлэх байгууллагуудад энэ чиглэлд учрах бэрхшээл, шийдвэрлэх арга замыг хэлэлцэв.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ажилтан Н.Мандах, манай улс Цөлжилтийн эсрэг олон улсын конвенцийн хүрээнд газрын доройтлыг 2030 он гэхэд тэглэх үүрэг хүлээж буйг дурдаад, энэ нь Тогтвортой хөгжлийн нэг зорилтыг биелүүлэх хэрэг боловч энэ нь олон улсын байгууллагуудын өмнө хүлээлсэн үүргээ биелүүлэх хэрэгсэл гэхээсээ илүү Монгол Улс өөрийн оронд тулгамдаад буй цөлжилт, газрын доройтлыг шийдэх гарц юм гэдгээр ойлгон хүлээн авах хэрэгтэй хэмээн онцлож байв.
Тодруулга: Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдрийг энэ жил олон улсад “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас дэлхийн улс орнууд цөлжилтийн эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенци баталж үүнд манай улс 1996 онд нэгдэж, Засгийн газраас 2010 онд Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилтийг бууруулах талаар ажиллаж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай дулаарал манай орны хувьд байгалийн гамшигт үзэгдэл болох ган, зудын давтамж ойртож, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдлоос үүдэн цөлжилт эрчимжиж байгааг эрдэмтэн, судлаачид нотолдог. Монгол орны ихэнх нутаг дэвсгэр газрын доройтолд их, бага хэмжээгээр өртөгдөж байгаа тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Б.Болд
Холбоотой мэдээ