Хоёр улсын хамтарсан шинжээчдийн багийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-13 12:38:11
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн усны шинжээчдийн баг Хэрлэн голын дагуу хамтарсан хээрийн судалгаа хийж байна. Тус судалгааны багийг Дорнод аймгийн удирдлага өчигдөр хүлээж авч уулзав.

Дорнод аймгийн хувьд өнгөрсөн онд Хэрлэн голын эхээс адаг хүртэл судалгаа явуулж, энэ хүрээнд “Нэг голын хүүхдүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаагаа шинжээчдийн багт дуулгасан юм. Мөн Хэрлэн, Халх гол, Онон, Улз, Галын голын экосистемийг хамгаалах, зүй зохистой ашиглах, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааныг залуу хойч үедээ өвлүүлэх зорилготой энэхүү “Нэг голын хүүхдүүд” төслийг хөрш зэргэлдээ ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймагтай байгуулснаар гадаад хамтын ажиллагааны баримт бичгүүдэд тусган төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Ингээд төгсгөлд нь хоёр улсын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комисст хэд хэдэн үндэслэл бүхий саналыг уламжилаа. Тухайлбал, Халх гол, Хэрлэн гол, Буйр нуур орчимд хамтарсан судалгааг хийлгэж усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх халуун цэгийг тодорхойлох, Хэрлэн голын эхэн хэсэгт ойжуулалтын ажил хамтран хийх, Халх гол, Буйр нуур орчимд бургасжуулах ажлыг хоёр улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, Халх голын урсац бүрдэх эхэд хамгаалалтын бүс нарийвчлан тогтоож хоёр улсын хамгаалалтад авах, бургасыг түлшинд хэрэглэхийг зогсоохын тулд ард иргэд, аж ахуйн нэгж, ус ашиглагчдад нөлөөллийн ажил хийх, Дорнод аймгаас санаачлан эхлүүлсэн “Нэг голын хүүхдүүд” төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх саналыг тавьсан юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар “Хилийн усыг ашиглах, хамгаалах тухай” хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай 1994 онд байгуулснаар 1995 оноос хоёр улсын Хилийн усны хамтарсан комисс ажиллаж эхэлсэн байдаг. Монгол Хятадын Хилийн усны хамтарсан шинжээчдийн багийн 9-р хуралдаанаар Хэрлэн голын урсац өнгөрсөн онд тасарсан шалтгааныг тодруулах зорилгоор Хэрлэн гол дагуу хээрийн танилцах судалгаа хийх болон Шарилжийн голын хуурай сайрын хөндлөн зүсэлтийн хэмжилтийг хийхээр болсон юм.
Энэ хүрээнд тус хамтарсан ажлын хэсэг энэ сарын зургаанаас 17-ны хооронд Улаанбаатар хотоос БНХАУ-ын Далай нуурын чиглэлд ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ