Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-11 01:24:11
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзалт хийв. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулсан Хятадын талд баяр хүргэв. Монгол улс ШХАБ-тай хийж буй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байдаг Си дарга танд талархал илэрхийлье. Мөн Хятад улсын Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад оруулж буй хувь нэмрийг тань  өндрөөр үнэлж байна. Хятад улстай найрамдалт, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол улс “Нэг Хятад”-ын зарчимыг тууштай баримталдаг гэдгийг хэлье. Монгол улс Хятад улстай хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалуудыг тогтмолжуулж, бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, ард түмний эв найрамдлыг бэхжүүлэхийг хүсч байна” гэв.

БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлсэн үгэндээ “Хятад, Монгол улс бол уул усаар холбогдсон ойрын хөрш орнууд билээ. Хоёр орны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард иргэдийн эрх ашигт нийцнэ. Хүндэт Ерөнхийлөгч та албан ажилдаа томилогдсоноос хойш удаа дараа Монгол, Хятадын харилцааг чухалчилж үздэгээ илэрхийлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүйгээр хөгжүүлнэ  гэдгээ илэрхийлж байсныг сайшааж байна. Хятад улс Монгол улстай харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтаар хожих зарчмыг баримталж, боломжийг ашиглан, элдэв саад бэрхшээлийг арилгаж, бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсч байна” гэв.
Тэрээр мөн “Хятад, Монгол улс бие биенийхээ язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй чухал асуудлууд дээр харилцан ойлголцож, хүндлэлтэй хандах нь чухал. Хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалыг тогтмолжуулж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус тусын давуу талыг ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, том хэмжээний төслүүдийг хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд оруулж буй үр нөлөөг нэмэгдүүлж, “Бүс ба Зам” болон Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилгын уялдаа, хэрэгжилтийг түргэсгэх хэрэгтэй” гэдгийг онцлов.
Си Жиньпин цааш нь хэлэхдээ “Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монгол улс ШХАБ-тай хийх хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг Хятадын тал дэмжиж байна. Хятад, Монгол, Орос “Гурван улсын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаа улам бүр ахиц дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байна” гэв.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ