Монгол, Хятадын сэтгүүлчдийн баг дэлхийд алдартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч И Ли группээр зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Хөх хот /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-д "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил- Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-хүрээнд Монгол, Хятадын тус бүр 20 сэтгүүлчийн хамтарсан сурвалжлах баг Өвөрмонгол орноор энэ сарын 6-12-ны өдөр аялж тус орны ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцаж явна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өдрийн сонин, FM107.5, Зууны мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд багтаж байгаа бол Хятадын талаас Хятадын олон улсын радио, ӨМӨЗО-ы Төв телевизийн Монгол хэлний сайт, Өвөр монголын радио телевизийн Талын дуу хоолой радио, Өвөр монголын Одон телезиз, Солонго мэдээллийн төв зэрэг байгууллагын нийт 40 сэтгүүлч, зураглаачаас бүрдсэн хоёр баг, хоёр чиглэлд хуваагдаж Хөх хот, Баяннуур, Ордос, Улаанцав,
Хэ Бэй мужийн Жанчхүү зэрэг газар орноор 7 хоногийн хугацаатай сурвалжлага хийж байна.
Тус аяллын багийн баруун чиглэлд гарсан сэтгүүлчдийн баг өнгөрсөн 4 хоногт Хөх хотын метроны бүтээн байгуулалт, “Бие засах газрын хувьсгал” зэрэг амжилттай хэрэгжиж буй олон ажил үйлстэй танилцаад байгаа юм.
Эдгээрээс энэ удаа Ази тивд төдийгүй дэлхийд алдартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч И Ли группын тухай товч танилцуулж байна. Анх 1956 онд хоршооллын хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа эхлүүлж байсан И Ли групп өнөөдөр Хятадын сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч аж ахуйн нэгж болсон төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэгд багтжээ. Тус групп 2017 онд нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, Хятад улсын дотоодын аж үйлдвэрийн тэргүүлэх байрт жагссан байна. 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.1 хувиар нэмэгджээ. Орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон тус үйлдвэр нь иж бүрэн автоматчилагджээ.
И Ли групп өнөөдөр Хятадын баруун хойд бүс нутаг, умард бүс нутаг, зүүн хойдын бүс нутгийг хамруулсан хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний суурин болжээ. Мөн Нидерланд, Итали, Англи болон Шинэ-Зеланд, арлын орнууд, Америк тивийн улсуудтай хамтын ажиллагаатай байж, хэрэглэгчдийг улам сайн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.
Одоогийн байдлаар И Ли групп 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог. И Ли групп 2018 оны байдлаар хандивын үйл ажиллагаанд нийт 800 сая юанийн хөрөнгө оруулж, хуримтлагдсан татварын хэмжээ 37 тэрбум 750 сая юаньд хүрчээ.
Хятад улсын дотоодод “Ногоон аж ахуйн сүлжээ”-г хамгийн анх санаачилж, байгаль, нийгэм, олон нийт, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны харилцааг бий болгож, “Ногоон экологийн бүс”-ийг буй болгосон байна. И Ли группын хөгжил нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд шинэчлэлт авчирч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Дэлхийн хэмжээнд сүүний нөөц баялгийг Хятадын зах зээлтэй, дэлхийн оюун ухааныг Хятадын туршлагатай, дэлхийн дүрмийг Хятадын санаачилгатай нэгтгэн хөгжүүлж, олон улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ боломж олгосон байна. Тус групп Хятадын 13 чухал муж, хотуудад борлуулалтын салбар компанитай бөгөөд Америк, Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулсан юм.
Д.Өлзий