С.Батболд: “Торгоны зам”-ын хүрээнд хурдны замын ажлыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-06-04 15:13:05
Улаанбаатар/МОНЦАМЭ/.МҮХАҮТ-аас хувийн хэвшлийнхний санал санаачилгыг бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын 23 дахь удаагийн зочноор Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцлоо.

Өглөөний цай уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн агентлагуудын дарга нар болон бизнесийн 60 гаруй төлөөлөл оролцож, хотын хөгжил болон тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ярихдаа, “Албан бус тоогоор 1 сая  600 мянга гаруй иргэнтэй нийслэл  маань  хөгжин цэцэглэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах хот байж чадаж байна уу гэдэгт олон зүйл нөлөөлдөг. Гэхдээ бид асуудлаа тал бүрээс нь ярилцаж  хотынхоо ирээдүйг өнгөлөх учиртай. Улаанбаатар хотод бизнесийн асар олон боломжууд байдаг. Гол нь үүнийг зөв харж хөгжүүлэх шаардлага бий. Аливаа асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь харж шүүмжлээд өнгөрөх бус, ямар гарц боломж байна гэдгийг харах нь зөв юм. Нийслэлийн зүгээс чадах чинээгээрээ хувийн хэвшлийнхнийгээ дэмжинэ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Хот өргөжин тэлж, хөгжиж байгаа  цагт энэ хуулийг сайжруулах, орчин цагийн арга барилд тааруулах  зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм” гэлээ.

Нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг бий болгох, авиа компаниудын үйл ажиллагааг тэлэх бодлого  барьж байгааг дуулгасан юм.  Тодруулбал “Asiana” компанитай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн “Торгоны зам”-ын хүрээнд хурдны замын ажлыг эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн 1950, 1970-аад онд ашиглалтад орсон хотын гүүрнүүдийн шинэчлэлийг энэ жилээс эхлүүлж байгаа бөгөөд Зайсангийн гүүрний өнгө төрхийг сайжруулан  хэлбэр загварыг нь хадгалан авч үлдэхээр болсныг дуулгалаа.

Дэлхийн сая гаруй хүн амтай хотуудад олон улсын экспо зохион байгуулах танхимтай байдаг. Тэгвэл нийслэлд энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулах томоохон танхим  байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн газрын асуудал шүүмжлэл дагуулдаг. Тиймээс газрыг  зөвхөн биржээр дамжуулан олгодог систем рүү шилжинэ. Хотоос барилгын болон арьс ширний үйлдвэрүүдийг гаргах нь зүйтэй гэдэгт  санал нэгдээд байгаагаа  Хотын дарга С.Батболд  уламжлав. Мөн тэрээр 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихад хувийн хэвшлийнхнийг дэмжлэгийг хүслээ.

Уулзалтад оролцогсод ийнхүү ярив.

“Жоби” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Мэнд-Амар, Хотын замын тэмдэг, тэмдэглээ харагдахгүй шахам болсон байна. Манай компани замын тэмдэг тэмдэглэгээний будгийг дэлхийн стандартад нийцүүлэн хийж байна. Улаанбаатар хотынхоо нүүр царай болсон Төв шуудангийн өмнөх уулзварын тэмдэглэгээг үнэгүй хийж өгье. Хэрвээ та бүхэн санал нэгтгэвэл цаашдаа бидэнтэй хамтран ажиллаарай. Бид 100 хувийн чанарын баталгаа гаргана.

Барилгын Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Гэрэгэ” группийн Ерөнхий захирал Д.Цэнд, “Хотын асуудал хэзээ ч дуусахгүй. Гэхдээ хүн амын тал хувь нь төвлөрсөн хотыг засах боломж бий. Эко хот байгуулах, хүн амын нягтралыг сааруулахдаа дагуул хотуудаа хөгжүүлэх шаардлагатай. Налайх, Майдар Сити, Зуун Мод, Хөшигтийн Хөндий, Өлзийт хороолол, Буянт Ухаа, Яармаг  гэсэн  бэлэн дэд бүтэцдээ  тулгуурлан хүн амын орлогод тохирсон орон сууцны эко хороолол бүхий дагуул хот босгох боломж байна.  Гэрэгэ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Буянт-Ухааг орчин үеийн шийдэл бүхий хот болгох зураг төслийг боловсруулж холбогдох газруудад өгөөд байна. Хэт их төвлөрлөөс үүдэн утаа, хөрсний бохирдол, түгжрэл үүсч, улмаар энэ нь хүн амын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах  заалтыг зөрчиж буй энэ үед энэ төсөл тусална. Тиймээс бидний төслийг бодит ажил болгоход нийслэлийн удирдлагууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гээд Хотын даргад төслөө гардуулав.

Харин Хотын дарга С.Батболд бүс нутгийн хөгжлийн хүрээнд 11 дүгээр сард Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох бөгөөд Буянт-Ухаа буудлыг хотын тусгай бүс хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мөн үеэр дуулгасан юм.

Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр наадмаар жуулчид төв цэнгэлдэхэд нээлт, бөх үзэж чаддаггүй, суудлаасаа харахад хүндрэлтэй байдгийг онцлов.  Хотын дарга таван эгнээнд нэмэлт суудал тавих хөрөнгийг шийдэж өгөхөөр боллоо.

УБТ компанийн захирал Х.Болдбаатар: Модлог ургамлын хүлэмж байгуулж үрээр мод тарих ажлыг эхлүүлээд 8 жил болж байна. 40 гаруй ажлын байр бий болгосон. Улаанбаатарын ногоон байгууламжид нэг сая мод нийлүүлэх боломжтойг онцлоод хотын даргыг хүлэмжээрээ зочлохыг урив.

Ийнхүү бизнес эрхлэгчид хотын даргатай нүүр тулан уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ