Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-03 10:59:48

Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авсан тухай УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хүлээж авахаар боллоо.

Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар, Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан, мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд, мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан, 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ дүгнэлтийг УИХ хүлээн авч 94 дүгээр тогтоол баталснаар ирэх 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг байгуулах нөхцөл бүрдээд байсан.

Гэвч ингэж олон тооны шүүх байгуулах нь санхүүжилтгүйн улмаас боломжгүй боломжгүй, шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэн Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын 94 дүгээр тогтоолд хориг тавьсан юм.

Ерөнхийлөгч хориг тавьсан үндэслэлдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д үндэслэн УИХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан.  

Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж тайлбарласан.

Тодруулбал улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа өнөө үед анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, дүүрэг тус бүрт байгуулах нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт, эрсдлийг бий болгохоор байна гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүд хүлээж авах нь зөв гэж үзсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр мөн уг асуудлыг хэлэлцэж хоригийг хүлээж авах нь зөв гэж шийдвэрлэн тогтоол гаргалаа. Хуульд заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн 1/3 буюу 66,6 хувь нь хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Шүүх байгуулах тухай хуулийн заалтууд хүчингүй болох байсан. Гэвч санал хураалтад 51 хувь нь татгалзаж, 66.6 хувьдаа хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг ийн хүлээж авлаа. Ингэснээр Шүүх байгуулах тухай хуулийн заалтууд хэвээр үлдэж, шүүхүүдийг тойргийн хэлбэрээр байгуулах болж байна.

Н.Гантуяа 

Холбоотой мэдээ