Бураатын давааны зам хаагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 10:41:12

Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг цастай болохоор зарим даваанууд үе үе хаагдсаар байна. Тухайлбал Бураатын давааны Ховд аймагт харъяалагдах талын зам хаагдсаны улмаас Улаанбаатраас Өлгийг чиглэж замд гарсан хэд хэдэн машин зам дунд хээр хоносон байна.

Харин энэ бэрх давааны Баян-Өлгий аймагт харъяалагдах талыг нь «Жол» компанийн замчид байнга арчиж цэвэрлэж байгаа гэнэ. Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга А.Болатхан энэ тухай ярихдаа, «Жол» компанийнхан үүргээ зохих ёсоор гүйцэтгээд байна. Бураат болон Шинэ даваан дээр саатсан жолооч нар бидэн рүү утасддаг. Гэтэл тэдний дуудлагаар хүрээд очиход ихэнх нь хүрз зэрэг зайлшгүй авч явах багаж зэвсэггүй, ямар ч бэлтгэлгүй явдаг нь харагдлаа. Шинэ даваагаар Орос, Монголын машинууд наашаа цаашаа саадгүй явж байхад нэгэн КАМАЗ тэрэг хөдөлж чадахгүй, хүрз ч үгүй мөртлөө замыг улам сайн болгохыг шаардаж байлаа. Бид байдгаараа тусална. Гэхдээ бэлэнчлэлийн сэтгэлгээнээс гарч, их цастай хүйтэн өвөл алс холын замд бэлтгэлтэй гарахыг зөвлөж байна гэв.

Энэ сарын долооноос эхлэн дахин цас орж шуурах, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа тухай ус цаг уурынхан сэрэмжлүүлж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ