Өргөө амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 12:38:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар Нийслэлийн Өргөө амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Өргөө амаржих газрын түүхт 90 жилийн ой энэ онд тохиу буй юм. Тус амаржих газарт Монгол Улсын 1 болон хоёр сая дахь иргэн мэндэлсэн. Мөн 2015 онд Монгол Улсын гурван сая дахь иргэний үе чацуутнууд мэндэлжээ. Монгол Улсын найман хүн тутмын нэг, Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг нь ууган амаржих газар буюу өнөөгийн Нийслэлийн Өргөө амаржих газарт мэндэлсэн гэсэн судалгаа байдаг аж. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эхийг эсэн мэнд амаржихад нь тусалж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг байгууллагын ажлын амжилт, хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Төрийн дээд шагнал гардуулж буй юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголын Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, эсэн мэнд амаржуулах үйлсэд оруулсан Өргөө амаржих газрын үе үеийн нийт ажилтан албан хаагч, эмч сувилагч, асрагчдад баяр хүргэе" гэлээ.
 
Нийслэлийн Өргөө амаржих газар нь 1928 оны дөрөвдүгээр сарын 28-нд үүсэн байгуулагдсан Монгол Улсын анхны нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эх нялхасын байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Өргөө амаржих газар нь Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх 100 ортой тасаг, 240 ортой эх барихын тасаг, 23 ортой нярайн тасаг болон 480 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ