Хуульч Ж.Конте Италийн засгийн газрыг тэргүүлэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-01 09:21:28
РОМ. /ТАСС/. Хуульч Жузеппе Конте Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзах үеэрээ засгийн газрыг тэргүүлэхийг зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай өчигдөр тус улсын ерөнхийлөгчийн засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Уго Зампетти мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч Сержо Маттарелла өнөөдөр хуульч Ж.Контег хүлээн авч уулзан, засгийн газрыг тэргүүлэхийг түүнд санал болгосон бөгөөд тэрбээр зөвшөөрсөн хариу авлаа. Ж.Конте Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулсан. Тангараг өргөх ёслол баасан гарагийн 16:00 цагт болно” гэж уг мэдэгдэлд дурджээ.

“5 од хөдөлгөөн” болон “Лиг”-ийн дэмжлэгийг хүлээсэн Конте-гоос санал болгосон засгийн газрын бүтцийн төсөлд Ерөнхийлөгч Маттарелла өнгөрсөн ням гарагт хориг тавьсан. Шинэ танхимыг эмхлэн байгуулахад саад болсон гол шалтгаан нь Контегийн зүгээс 81 настай эдийн засагч Паоло Савона-г эдийн засгийн сайдад нэр дэвшүүлсэн явдал байсан юм. Европын мөнгөний бодлогын талаарх Савона-гийн байр суурь Ерөнхийлөгчийн санаанд нийцээгүй юм. Өчигдөр танилцуулсан засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засагч Паоло Савона Европын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ