Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд төмөр зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-30 13:55:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барихаар болжээ. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хэрэв уг тогтоолын төслийг УИХ-аас баталбал Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих юм" гэлээ.  

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой юм. 

Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм. Тиймээс дээрх хоёр чиглэлд төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж.

Мөн өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулаа, Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг талаар хэлэлцсэн байна. 
Н.Туяа

Холбоотой мэдээ