Багийн Засаг дарга нар “Цэргийн бэлтгэл” сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-24 15:03:12
Архангай /МОНЦАМЭ/. Дайчилгааны тухай хууль болон Батлан хамгаалах сайдын аймгийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээ, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу сумдын багийн Засаг дарга нарыг “Цэргийн бэлтгэл” сургалтад хамруулах ажлыг 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 19 сумын 101 багийн Засаг дарга оролцохоос 89 багийн Засаг дарга оролцсон байна.

Сургалт Монгол Улсын баатар, маршал Г.Дэмид жанжны талбай дээр хувцасны болон хээрийн аранзны үзлэгээр эхэлсэн. Хувцасны үзлэгээр Хотонт, Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Өгийнуур, Цахир сумдын багийн Засаг дарга нар жигдрэлт сайн байжээ. Харин бусад сумдад хээрийн аранзны үүрэг, зориулалт ач холбогдлыг тайлбарлан таниулж аранзанд байх зүйл болон эмийн жагсаалтыг гарган, хүнс шинэчлэх карт өгч дараагийн сургалтын үеэр шалгах үүрэг өглөө.

Цэргийн бэлтгэл сургалтаар жагсаалын бэлтгэл, байр зүйн баримжаалал, химийн бэлтгэл, галын бэлтгэл, сургуулийн ф-1 гар гранатыг 15-20 метрт шидэх техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ШМ-41 газыг эсэргүүцэгчийн үүрэг зориулалтыг хэрхэн ашиглах, 7.62 мм-ийн АКМ бууны үүрэг зориулалт болон хагас задаргааг сургалтад оролцогчдод онол, дадлагын хичээл орж, сургалтын төгсгөлд цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэмцээнд нийт 15 баг оролцож 5 цэгийн даалгаврыг багаар гүйцэтгэж, их онооны системээр дүгнэж байр эзлүүлсэн байна. Багийн ахлагч нар Батлан хамгаалах багц хуулийн тестийг бөглөж багтаа оноо нэмж авсан. АКМ бууг задлах, ШМ-41 багийг өмсөх, суудлын автомашины дугуйг солих, эрэгтэйчүүд сургалтын ф-1 гранатыг 20 метрт, эмэгтэйчүүд 15 метрт шидэж, хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараараа уралдсанаас тэргүүн байранд Цэцэрлэг сумын Ж.Эрдэнэбат ахлагчтай багийн Засаг дарга нар 21 оноогоор тэргүүн байр, Чулуут сумын О.Галсаннамжил ахлагчтай багийн Засаг дарга нарын баг 19 оноогоор дэд байранд, мөн 19 оноогоор гуравдугаар байранд Өлзийт сумын П.Наранбат ахлагчтай багийн Засаг дарга нар тус тус орсон байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ