Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниуд хууль бусаар олборлолт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-21 19:50:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензтэй компаниуд хууль зөрчиж ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Азамат өнөөдөр болсон "Аймгийн уул уурхай, бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт зөвлөлгөөний үеэр мэдэгдлээ.

Түүний тайлбарласнаар тус аймагт 12 аж ахуйн нэгж Сагсай, Буянт, Өлгий, Толбо, Ногооннуур, Цэнгэл, Баяннуур сумдын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Гэвч эдгээрээс зөвхөн ганцхан компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх эрх олгодог аж. Гэвч дээр дурдсан 11 компани хариуцсан талбайдаа ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болохыг тэрээр онцоллоо.

Уг асуудалтай холбоотой  өнгөрсөн онд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд 1,3 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, 8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн он гарснаас хойш Бугат сумын ИТХ-ын хууль бус тогтоол, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, нэг компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа ч зөрчил арилаагүй ажээ.

Иймд цаашид орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ