Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ дахь айлчлалаа түр хугацаагаар хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-21 17:12:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлалаа түр хугацаагаар хойшлуулаад байна.

Жил бүр зохион байгуулагддаг Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-26-ны өдөр оролцохоор тов зарлагдаад байсан юм. Тэрбээр энэ үеэр тус улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байсан ба ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж дуусаагүй бөгөөд Засгийн газар бүрдэж дууссаны дараа айлчилбал илүү үр дүнтэй хэмээн үзэж айлчлалыг түр хугацаагаар хойшлуулаад байна. ОХУ-ын тал Ерөнхий сайдад айлчлалын урилгыг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд тааламжтай өдрөө харилцан тохиролцохоор болжээ. 

Дашрамд дурдахад, ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт 1997 оноос хойш олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй. 2006 оноос хойш чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон бөгөөд олон улсын, тэр дундаа ОХУ, Европын эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг талбар болсон юм. Энэ жилийн чуулга уулзалтад 100 гаруй орны 15 мянга орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа талаар ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд анхны албан ёсны айлчлалаа БНСУ-д 2018 оны нэгдүгээр сард хийж, дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. Одоо хойд хөрш ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хоёр орны талаас хангаж байгаа юм. 
Н.Гантуяа 

 
Холбоотой мэдээ