Тамхи бидний амьдралын салшгүй нэг хэсэг байх учиргүй!

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dusem11@yahoo.com
2018-05-18 12:05:49
Өнөөдөр Улаанбаатар хотод хасах -21 хэм хүйтэн, урьд шөнөжин цас орсон болохоор авто зам халтиргаатай болж хөдөлгөөн нэлээд саарсан байв.
 
Такси ч зогсохгүй байхдаа гэж зам дагуу алхаж явтал сигнал дуугарав, байрны залуу. Би ч, За сайн уу? Хэзээ таксины жолооч болж орхив гээд машинд нь суулаа. Манай орцны залуу, такси компанид ороод сар гаруй болж байна гэв.

Түүнийг зам халтиргаатай байхад бас тамхины утаанд мансуурах нь яршигтай юм гэхэд, чи тамхи татдаггүй биздээ. Үгүй ээ, үгүй. Тэгээд гэтэл, Нисэхээс Оргил рашаан сувилал хүргүүлсэн нэг эмэгтэй, тамхи татаад явж болох уу гэж анх суухдаа л зөвшөөрөл авсан болохоор бараг 5 км зам туулах учраас мөнгийг нь бодоод зөвшөөрсөн юм. Би тамхи татахгүй, ойр орчмын хүмүүс маань ч татдаггүй болохоор тамхи татан тухалсан хүүхний тамхины утаанд дотроо ундууцаж байгаа ч амаа хамхиад л явлаа.

Тэр хүүхэн “Гадаа хүйтэн болохоор тамхи татчих газар ч олдохгүй юм” хэмээн учирлаж байв. Тэгсэн атлаа ганц удаа л татна биз, бүр хоёр удаа татаад байхдаа яахав дээ. Арай гэж л Оргил рашаан сувилал хүрлээ. Хүүхэн тамхиа зуулттай л баярлалаа гээд бууж оддог байна шүү.



Диспетчер, Зайсангаас нэг дуудлага байна гэв. Ойрхон яваа болохоор яг хаана гээд л тийш хөдөлсөн юм. Өнөөх байрны гадна иртэл гадуур хувцас ч үгүй хоёр охин ахаа 1900 1950 мөн үү гээд шууд л машинд сууж байна. За хаа хүргүүлэх вэ гэж асуутал, үгүй ээ ахаа таны машинд тамхи татах гэсэн юм гэж байна. Та нар чинь юу яриад байгаа юм, тэгээд хаашаа ч явахгүй хэрэг үү? Тийм, гэхдээ танд 10 мянган төгрөг өгье, гэрт аав, ээж байгаа болохоор гэв. Би ч мөнгийг нь бодоод, нэг их удахгүй биз дээ гэв. Удахгүй гээд тэд ч нарийн тамхи гаргаж ирээд суунаглуулж эхэллээ.

Тамхины эхүүн үнэрт дургүй хүн яахав, машины алчуураа аваад гарахад, цэвэр агаар угтаад таатай байсан ч толгой өвдөж байв. Тамхины хууль энэ тэр гээд байдаг ёстой үлгэр юм даа. Дөнгөж 17 нас хүрсэн үү, үгүй юу цэцэг цэврүү шиг энэ сайхан охид гашуун утаанд ингэж дурлах гэж, бүх юм нь бэлэн болохоор л ингэж байгаа хэрэг. Тэдний ээж аав нь ингэж явааг нь төсөөлөх ч үгүй байгаадаа гэж манай орцны залуу харуусан ярьж билээ. Тиймээ, энэ бол бидний амьдралд өдөр тутам л тохиолддог асуудал.

Тамхины тухай хуулиар Монгол Улсад албан байгууллага, баар ресторан, орон сууцны орц зэрэг олон нийтийн газруудад тамхи татахыг хориглоод хэдэн жил болж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад энэ шийдвэр зөв зүйтэй гэдгийг олон нийт ч талархдаг. Харин энэ шийдвэр нь тамхи татагчдын тоог цөөрүүлж чадсан болов уу.

Тамхичид нэг дороо цуглан тамхи баагуулж байгааг таслан зогсоох аргагүй. Өсвөр залуу үеийнхэн, оюутнууд, бүр дунд сургуулийн сурагчид сүрэглэн тамхи татах болсныг яалтай. Ялангуяа охид бүсгүйчүүд тамхи татах нь эрс нэмэгдэх боллоо...

Харин улс орон хөгжин, дэвжих тусам иргэдээ бага наснаас нь тамхины хорт нөлөөний талаар нээлттэй өргөн мэдлэг олгох болсноор тамхи татагчдынхаа тоог бууруулж чадаж байгаа жишээг хөгжилтэй орнууд нотлон харуулсаар байна.

Гадны тамхи үйлдвэрлэгчид Монгол улсад зах зээлээ өргөжүүлэх ёсгүй!

21 дүгээр зууны эхнээс Европ болон скандинавын орнуудад тамхины зах зээл эрс хумигдаж, буурай болон хөгжиж буй орнууд тэдний орон зайг нөхөх болсон. Харин тамхи үйлдвэрлэгч үндэстэн дамнасан томоохон корпораци, компаниуд зах зээлээ буурай болон хөгжиж байгаа орнуудыг онилсон үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Онилогдсон улс орны нэгд Монгол Улс зүй ёсоор орсон гэж болно.

Тамхи нь хамгийн их ашиг орлого оруулдаг бизнес. Тиймээ, 100 хувийн ашигтай. Ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн, авлига, хээл хахуульд идэгдсэн газарт л тамхины бизнес цэцэглэн хөгждөг жамтай. Цаашдаа ч тийм л байна. Энэ бүхнээс үзэхэд, тамхи татах үйлдэл нь хүний оюун санаатай салшгүй холбоотой ч тухайн хүний амьжиргааны түвшин, амьдрах чадамж зэргээс нэн хамааралтай байгаа юм.

Тамхи үйлдвэрлэгч томоохон компаниуд тамхины сурталчилгаа болон борлуулалтаа тухайн улс орны хүүхэд залуучууд руу хандуулдаг байна. Үүний тод жишээ АНУ-ын тамхи үйлдвэрлэгч “Phillip Morris international” компани, хүн амын тоо болон тамхины хэрэглээгээр дэлхийд дөрөвт бичигддэг Индонез улсын хүүхэд залуусыг онилсон сурталчилгааг хийж зах зээлээ ихээхэн өргөжүүлсэн бодит жишээ байдаг.

Би одоогоос 9 жилийн өмнө тамхины асуудлаар бичиж байсан нийтлэлийн зарим хэсгээс уншигч та бүхэнд энд онцлон дахин толилуулъя. 

Өнөөдөр бидний амьдралд өөрчлөлт гарсан уу? Гарсан, гэхдээ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь яг өмнөхтэй л адил гэдгийг төр засаг анзаарахгүй байна уу гэлтэй!  Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэж хүн бүхэн ярьдаг ч бид түүний хорт үр дагавар нь чухам ямар аюул дагуулаад байгааг огт анзаардаггүй. Монголд өнөөдөр тамхидалтын эсрэг тодорхой арга хэмжээ авч байгаа ч бодит амьдрал дээр тамхи татагчдын тоо буурахгүй харин ч нэмэгдэх хандлага байгаа юм.

2009 оны байдлаар тамхи үйлдвэрлэгчид ядуу буурай болон хөгжиж байгаа улс орнуудад урлаг, соёл, спортын, хүмүүнлэгийн зэрэг төрөл бүрийн сувгийг ашиглан өөрийн бүтээгдэхүүнийг шахаж байгаа юм. Монголчууд 2007 онд тамхины хэрэглээгээр дэлхийн топ 10 орны нэгд багтаж байсан судалгаа байдаг.



Харин Монгол Улсад тамхины татвар 20-24 хувь байхад хөрш БНХАУ-д 25-40 хувь, хөгжилтэй улс орнуудад 75 хувь хүртэл байх жишээтэй. Дэлхийн хамгийн том тамхи үйлдвэрлэгчийн нэг "Philip Morris" компани нь нэрээ өөрчилж "Altria Group, Inc" гэж шинэ нэр зүүсэн бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн жилүүдэд дотооддоо буурч, харин олон улсад өссөн байна.

Тэд хөгжиж буй болон ядуу буурай орны улс төрчид, бизнесийн нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж бүтээгдэхүүнээ сурталчилж, нийлүүлдэг төдийгүй хүмүүнлэгийн тусламж нэрийн дор үнэгүй тамхи түгээж бизнесийн хүрээгээ өргөжүүлдэг.

Ийнхүү тэдний тамхи борлуулах арга нь улам нарийсч, өнгөлөн далдалсан хэлбэрт шилжиж байна. Тухайлбал, орлого багатай хүмүүст зориулж тамхийг гурав, тав, 10 ширхэгээр савлаж хямд үнээр борлуулдаг болжээ. Энэ нь хүүхэд, залуусыг тамхинд донтуулах алсын хараатай бодлого гэдэг нь тодорхой юм.
 
Монголд - Тамхи ба Татвар

Харин есөн жилийн өмнөх энэ асуудал Монгол Улсад биелэлээ олж хэрэгжээд байна уу гэлтэй. Өнөөдөр байдал ямар байгаа бол?

Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг бол эрчүүдийн 49,1 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь тамхи татаж байв. Тамхинаас хамааралтайгаар сүүлийн 10 жилд монголчуудын дунд зүрх судасны өвчин эрс нэмэгдсэн төдийгүй халдварт бус өвчний эх үүсвэр нь "Тамхи" гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна.

Архидалт, тамхидалт нь амьжиргааны түвшин доогуур, бага орлоготой иргэдийн дунд хамгийн их байгаа бол  зохисгүй хооллолт, таргалалт амьжиргааны түвшин дээгүүр иргэдийн дунд ихсэж байна. Тамхинаас үүдэлтэй өвчлөлт, нас баралт нь тав, 10, 20 жилийн дараа илэрдэг болохоор хүмүүс тамхинаас гэдгээ мэддэггүй эсвэл хожим мэдэж чимээгүй тахалд өртөж эрүүл мэндээрээ хохирдог. Мөн чамгүй их мөнгөөр өөртөө өвчин эмгэг худалдаж авсан байдаг. Харин өсвөр насныхан үүнийг огт ойлгодоггүй, ойлгохыг ч хүсэхгүй явж байна.

“Үндэсний үйлдвэрлэгч” нэртэй тамхины түүхий эдийг импортлон савлагч ганц аж ахуйн нэгж, өнөөгийн Монгол Улсын тамхины зах зээлийн 47 хувийг дангаар эзлэх болжээ. 2017 оны 5 сарын 1-нээс эхлэн тамхи импортлогчид гаалийн татварыг 30 хувиар төлөх болсон бол “Монгол тамхи Со” ХХК ганцаараа “Үндэсний үйлдвэрлэгч” нэрээр гаалийн татварыг 5 хувиар төлж байна. Харин тус компани БНХАУ-ын “Шан Ши” хэмээх үйлдвэрийн хатаасан тамхийг хямд үнээр Монголын иргэдэд их хэмжээгээр нийлүүлж байгаа нь нууц биш.

Монгол Улсын татварын санд тамхи импортлогч компаниуд 2017 онд 46 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлсөн бол “Монгол тамхи Со” ХХК  тэднээс бараг 5 дахин бага төгрөгийг татварт төлжээ. Хэрвээ гаалийн татварыг шударгаар ногдуулсан бол тус компани 31 тэрбум төгрөг илүү төлөх байв. Харин энэ мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, сургууль баривал хэдийг босгох бол? Үнэн хэрэгтээ бид үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээд байна уу, эсвэл “Шан Ши” хэмээх гадаадын компанид л хөрөнгө оруулалт хийгээд байна уу?

“Монгол тамхи Со” компанийн манай зах зээл дээр гаргаж буй хамгийн хямд үнэтэй энэ тамхийг хөдөө, орон нутгийнхан түлхүү хэрэглэж байна. Мөн архаг тамхичид болон орлого багатай хүмүүсийн дийлэнх нь энэ л тамхийг татах болжээ. Гэхдээ тамхи л бол тамхи. Ямар ч тамхи татсан “Таны эрүүл мэнд”-ийг хордуулан сул дорой болгож, олон өвчин эмгэгийг үүсгэж, “Таны гоо сайхан”-ыг тань гундааж байдгийг бүү март гэж Танд хэлэх байна.
 
Өсвөр залуу үеийг тамхигүй орчинд байлгах боломжийг олж харцгаая !

Өндөр үнэтэй тамхи татаад хордохгүй эсвэл маш бага хордоно гэдэг огт ташаа зүйл гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Харин хүүхэд, залууст үнэтэй, гоё, хайрцагтай, урт нарийхан, гял цал өнгө үзэмжтэй тамхи татаж байгаа хэн нэгнийг хараад шохоорхох, татаж үзэх сонирхол төрөх нь мэдээж хэрэг.

Иймд тамхины хор хөнөөлийн талаар, тамхи үйлдвэрлэгчдийн өнгөлөн далдалсан заль, мэхийг хүүхэд, залууст ЕБС-ийн бага, дунд ангиас нь эхлэн хичээлийн хөтөлбөрт нь оруулж жигшүүлэх ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье. Тамхи хүний эрүүл мэнд болон гоо сайханд ямар их хөнөөлтэй болохыг сурталчилан таниулах ажлыг цэцэрлэг, дунд сургуулийн хичээлийн програмд оруулах нь хамгийн эн тэргүүнд хэрэгжүүлэх ажил юм.

Тамхигүй орчинг бүрдүүлсэн байгууллага, компани, хамт олон, анги, бүлэг, гэр бүлд төрөөс татварын тодорхой хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох, дэмжин сурталчилах нь хамгийн оновчтой шийдлүүдийн нэг юм. Нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхдээ ч тамхины асуудалтай эсэхийг нь харгалзан үздэг байх ёстой.

Өнөөдөр манайд дэлгүүр бүр тамхи борлуулах эрхгүй ч нууцаар тамхи зарж борлуулдаг нь цөөнгүй байгааг бид мэддэг ч хараагүй мэт дуугүй өнгөрдөг. Энэ ядмаг сэтгэлгээ биднийг төдийгүй хүүхэд залуусыг худал, хуурмагт сургаж, дасан зохицоход хүргэж байна. Үүний хор хөнөөл нь манай нийгмийг улам л ёс суртахуунгүй, хүнлэг бус болгосоор байгааг яалтай.



Хүн амын дунд ялангуяа хороо, баг, суманд тамхитай тэмцдэг сайн дурын нөхөрлөл бий болгох хөдөлгөөн өрнүүлж, жил бүр дүүрэг, сумын “тэргүүний нөхөрлөл”-ийг шалгаруулж “Тамхигүй орчин бүрдүүлэгч” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг болъё.

Өрхийн эмнэлгүүдийн дэргэд тамхинаас хамааралтай иргэдээ бүртгэж, тэдэнд зориулсан сургалт зохион байгуулж, улирал, жилээр нь дүгнэж урамшуулдаг байх. Тамхинаас гарч чадсан иргэдэд тодорхой урамшуулал олгосон ч болно. Үүнийг байгууллага, компани, хамт олны дэмжлэгээр хэрэгжүүлэх боломжтой. Улсаас тамхи татдаггүй иргэнд тодорхой хувийн татварын хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй гэж. Энэ мэт тамхидалттай тэмцэх олон арга, хувилбар байна.

Харин Монгол Улсын иргэн бүр хуулиа дээдлэж, амьдралдаа хэрэгжүүлж байж л бидний үр хүүхдүүдэд энэ эрхэм чанар өвлөгдөх учиртайг бид мартах ёсгүй! Эх оронд эрүүл саруул иргэн хамгаас чухал. Манай улс хүн ам цөөхөн бөгөөд хүүхэд, залуусын орны хувьд Төр засаг нь манлайлан эрүүл мэнд, боловсролын болон төрийн бус байгууллагууд нь ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэн тамхины эсрэг тууштай үйл ажиллагаа явуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад идэвхтэй оролцож хамтран ажиллавал тодорхой үр дүнд хүрэх дамжиггүй.    

Хүмүүсээ! Тамхинаас татгалзаж, ааваа, ээжээ, эхнэрээ, нөхрөө, дүүгээ, ахаа, эгчээ, хүүхдээ, найзаа, хамт олноо тамхинаас хол байлгахыг хамтдаа хичээцгээе ! 
Д.Өлзийсайхан
Холбоотой мэдээ