Цэцэрлэгийн багачуудад ахуйн ослоос өөрийгөө хамгаалах мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-17 22:04:21
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд байгууллага бүр хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч мазаалайн зөвлөмж” сэдэвт сургалтыг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад явуулж, ахуйн ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар хүүхдүүдэд ойлголт өгч байгаа юм.
Арвайхээр сум дахь Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн багш ажилчид, бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд зэрэг 100 гаруй иргэнд дээрх сургалтыг “Бид өөрсдийгөө гэмтээхгүй байж чадна” уриан дор зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан аливаа аюул осол, гамшгийн үед өөрийгөө хамгаалах, бусдад туслах тухай зааж сургасан бол эцэг эхчүүдэд гал түймэр, газар хөдлөлт, ахуйн ослын талаар мэдээлэл өгөн энэ үед авах арга хэмжээний талаар заав.
Мөн пийшин,  зуухны аюулгүй байдлын талаарх “Түр зогсоол” гэсэн тэмдэглэгээтэй гарын авлагыг тараалаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ