Хонгор нутагтай танилцах аяллыг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-16 09:54:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотой Хонгор нутагтай танилцах аяллыг ирэх сарын 04-10-ны хооронд аймгийнхаа Говь, Хангайн чиглэлд зохион байгуулахаар болжээ.
Аялал жуулчлалын шинэ зах зээл, ирээдүйтэй бүс нутагт аяллын шинэ хөтөлбөр судлах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй компаниудыг тус аялалд хамруулах юм байна. Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, аяллын маршруттай танилцах, говь, хангайн үзэсгэлэнт нутагтай танилцах аялал 1000 гаруй км замыг туулах юм.
Баянхонгор аймаг нь говь, хангай, тал хээрийн үзэсгэлэнт сайхан байгаль, түүх соёлын ховор нандин дурсгал, гурван бүсийн нутагт ажиллаж амьдардаг нүүдэлчдийн ахуй соёлоо түшиглэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албатай хамтран тус аяллыг зохион байгуулж байгаа аж.
                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ