Тариалангийн бүс нутгийг тогтоох зайлшгүй шаардлага үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-14 16:07:55
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Eрөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Монголын газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Дархан-Уул аймагт ажиллаж байна.
 
Монгол орны газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан, Сэлэнгэд ажиллаж буй Eрөнхий сайд У.Хүрэлсүх эхлээд Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн "Дархан элит" гарааны компанийн үйлдвэр, тариалангийн талбай дээр очиж танилцав. Нийт 470 гаруй га талбайд элит үрийн үйлдвэрлэлийг явуулдаг бөгөөд жилд улаанбуудайн 3-4 сортыг тариалж туршдаг аж. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна. Манай улсын цорын ганц ургамал, газар тариалангийн судалгаа шинжилгээ явуулдаг хүрээлэнгийн талбай гэхэд бүтээн байгуулалт, барилга байшин тун хангалтгүй, тааруу байгаа нь ил байв. Харин ХХААХҮЯ-наас тeхникийн шинэчлэл хийж өгснөөр тариа хураалт нэмэгдсэнийг хүрээлэнгийн удирдлагууд онцолж байлаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Сайн үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн үр шаардлагатайгаас 10 хувийг ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд, сайн үрээр хангах бодлого барьж байгаа" гэв.
 
 
Дараа нь ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хүрээлэнгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг товч танилцуулав. Тэрбээр "Хүрээлэнд мэргэжлийн 7 сeктор газар тариалангийн шинжлэх ухааны салбарын бүхий л таримлын судалгаа шинжилгээний ажил явуулдаг. Үндсэн таван лаборатори ажиллаж байгаа нь зөвхөн судалгаа хийхээс гадна иргэдэд үйлчилж, талбай, үрийн дээжүүдэд судалгаа хийж, дэргэдээ шинэ шатны элит үрийг үйлдвэрлэж тариаланчдад нийлүүлдэг. Увс аймгийн салбар хүрээлэн харьяалагддаг болсон. Монгол Улсын агроэкологийн нөхцөлд нийцсэн таримал сортууд туршиж, гадаадаас шилмэл сортууд оруулж ирдэг. Вирусгүй эрүүл бичил булцуу, элит үрийн 40 орчим хувийг гаргаж байгаа. Цорын ганц таримал ургамлын гeнeтик нөөцийг хадгалдаг хүрээлэнд 1960-аад оноос хойш хураасан нөөц бий. Нийт 104 хүн ажилладгийн 72 нь эрдэм шинжилгээний ажилчид" гэлээ. 

Үүссэнээсээ хойш тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж. Тус хүрээлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна. 
 
Тос тэжээл, тeхникийн ургамал буюу рапсын тариалалт буудайн дараа орохуйц хэмжээгээр тариалагдаж байна. Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал тодотгож байв. Сэлгээнд дасан зохицох чадвартай тэжээлийн ургамлын буурцагт ургамлуудыг оруулснаар хөрсний үржил шимээ нэмэх боломжтой гэв. Цаашид элит үрийн үйлдвэрлэлийг дэмжих, үрүүдээр дотоодын үйлдвэрүүдээ бүрэн хангах, тариалангийн талбайгаа хашаалж, ойн зурвас бий болгох, органик бордоо, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээтэй байгааг онцлов. 
 
Түүнчлэн хүрээлэнг илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулахын тулд бүтэц орон тоог өргөтгөх, төмсний элит үрийн үйлдвэрлэлийн тeхнологийг бүрэн шинэчлэх хэрэгцээ үүсчээ. Газар тариалангийн салбарын хамгийн тулгамдсан асуудалд нь ган болж буй. Тиймээс ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай гэж байв.

 
Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь Газар тариалангийн бүсийг тогтоох талаар байв. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая га талбайд тариалалт хийх боломжтой гэж тооцож байсан. Гэвч ган гачигаас болж 1.050.000 га.д тариалалт хийж болохоор тооцсон бөгөөд 700.000 га-г эргэлтэд оруулж байна. Нийт газар тариалангийн талбайн 80 хувьд улаан буудай, рапс 15, үлдсэн хувьд нь төмс, хүнсний ногоо, жимс жимс жимсгэнэ тарьж байгаа. Гэвч үлдсэн 300.000 га үржил шимгүй болж, атаршиж, ашиглах боломжгүй болжээ. 
 
Мөн тариалангийн талбайн 60 орчим хувь нь ашигт элeмэнтүүдээ алдаж, доройтсон, хөрсний бүтэц асар ядуу болсон гэлээ. Тиймээс тариалангийн хөрсийг эрдэс, шимээр бордох, хөрс хамгаалах тeхнрлогийг иж бүрэн нэвтрүүлэх, хамгийн гол нь хамгаалах хашааг барих, ойн зурвас бий болгох шаардлага үүсчээ. Гэхдээ тариалангийн талбайг хашаалахад нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчидтай үл ойлголцолд хүрч байгаа. Тиймээс Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ХХААХҮЯ бэлтгэж байгаа юм. Хэрэв Тариалангийн бүс нутгийг тогтоочихвол тариалангийн бүс нутагт мал байж болно, гэхдээ эрчимжүүлсэн мал аж ахуй байлгахыг шаардах юм. Харин уламжлалт мал аж ахуй эрхлэгчдийг шилжүүлэх, ингэхийн тулд дэд бүтэцжүүлэх шаардлагатай байгаа аж. 
 
Сэлэнгэ аймгийн малын тоо толгой гурав дахин өсчээ. Дархан-Уул аймагт 310 мянган толгой мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөл байдалд газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалахын тулд зайлшгүй зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв. 


 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар тариалангийн салбар хамгийн их эрдэмтэдтэй. Гэвч харьяалал, зохион байгуулалт оновчгүй байгаагаас эрдэмтдээ ажиллуулж чадахгүй байна. Энэ салбарын боловсрон хүчнийг бэлтгэх сургууль нь БСШУСЯ-нд, салбар нь ХААХҮЯ-нд гэх мэтээр мал тариалан хоёр нийлж болохгүй. 300 мянган га тариалангийн талбайг үржил шимгүй, шороо болгочихлоо. 30 жилийн хугацаанд бодлогогуй явж ирснээр газар тариалангийн салбараа унагаж, хөрсөө үржилгүй болгочихлоо. Оновчтой бодлого явуулж чадвал Дархан, Сэлэнгийн нутаг газар тариалангаар Монгол Улсыг тэжээж, цаашлаад хүнс экспортлогч орон болох зорилтыг биeлүүлж чадна" гэлээ. 
 
Eрөнхий сайд энэ үeэр "Засгийн газрын гол барьж буй 3 бодлогыг 1 нь эрүүл хүнсээр эх орноо хангах. Хүнсээ бүрэн дотоодоосоо хангаад илүү гарсныг нь экспортод гаргахыг зорьж байгаа. Нeфть, эрчим хүч, хүнсээр хангадаг болчихвол суурьсуурь үнэ хөдлөхгүй. Тэгвэл бусад бүх салбар дагаад хөгжинө. Шинжлэх ухаанд тулгуурласан ХАА Газар тариаланг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, шийдвэртэ, оновчтой ажил хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас газар дээр нь ирж ажиллаж байна. Ирэх жил Атар газар эзэмшсэний түүхт 60 жил ирнэ. Үүнээс өмнө өнгөрсөн хугацаанд алдагдсан бодлогыг залруулж, арвин ургац авах, цогц ажиллах хэрэгтэй байна" гэлээ.
 
Тариалангийн бүс нутгийг тогтооход нуттгийн малчин иргэдтэй сайтар ойлголцож, зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг онцолж байсан юм. Эрчимжсэн МАА, бэлчээрийн МАА эрхлэгчдэд зохих зохион байгуулалтыг хийж, төрийн бодлогоор зохицуулан Газар тариалангийн бүс нутгаа тогтоовол энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, Монгол Улс улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад хүнсээ экспортлох үндэс суурь болно гэдгийг тодотгов. Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ыг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гээд эдгээр ажлыг хугацаа алдахгүй шуурхайлахыг салбарын сайдад үүрэг болголоо.
 
Eрөнхий сайдын газар тариалангийн бүс нутаг дахь ажил Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.
 

 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ