Т.Фестиваль: Сумдын шатахуун түгээх станц, дэлгүүрүүд удахгүй НӨАТ-ын баримт олгож эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-10 19:09:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивальтай уулзаж "Татвар төлөгчдийн өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй ажлууд, татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, татварын орлогын бүрдүүлэлтийн талаар тодрууллаа.

- Манай улсад жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг "Татвар төлөгчдийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байна?

- Татвар төлөгчдийн өдрүүдийг энэ жил "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ" уриан доор зохион байгуулж байна. Татвар төлөгчдөд зөвлөн туслах, салбарын хууль тогтоомжуудыг сурталчлах ажлууд явагдаж байгаа. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоомын уралдаанууд зарлаж дүгнэсэн. Хүүхдүүд маш идэвхтэй оролцож, татварын тухай өөрсдийн ойлголт, санал бодлоо гар зураг, зохион бичлэгээрээ дамжуулан илэрхийллээ. Эхний гурван байрт орсон бүтээлүүдийг Татварын Ерөнхий газарт хүргүүлээд байна. Одоогоор аймгийн төвийн бүх сургуулийн хүүхдүүдэд "Ирээдүйн татвар төлөгч" сэдвээр сургалт явуулж байгаа. Мөн шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад тайлан яаж гаргахыг зааж, холбогдох хуулиудыг танилцууллаа. Манай байцаагчид өчигдрөөс ажлын байрны сургалт хийгээд явж байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

- Өнөөдөр "2017 оны шилдэг татвар төлөгч" байгууллагуудыг шалгаруулж шагналыг нь гардууллаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Улс, орон нутагт төлсөн татварын хэмжээ, хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан, шинээр ажлын байр бий болгосон, татвараа хугацаанд төлсөн байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн гурван аж ахуйн нэгжийг шалгаруулж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардууллаа. Энэ жил аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газар, "Жол", "Файнноос" компаниуд шилдгээр тодорч байна. Түүнчлэн НӨАТ-ын хуулийн хэрэгжилт болон орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа хувиараа бизнес эрхлэгч Б.Даулетжан, А.Шашибал нар дээрх шагналын эзэн болсон.

- Тухайн компаниуд өнгөрсөн онд хэдэн төгрөгийн татвар төлсөн вэ?

- Аймгийн ЦШСГазар 258,2 сая, "Жол" ХХК 103,7 сая, "Файнноос" ХХК 67,2  сая төгрөгийн татвар төлсөн байгаа. 

- Одоогоор татварын орлогын бүрдүүлэлт ямар байна?

- Оны эхний дөрвөн сард орон нутгийн төсөвт 2,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлэн төлөвлөгөөгөө 102,6 хувиар давуулан биелүүлсэн. Түүнчлэн улсын төсөвт 817,2 сая төгрөг оруулан 157,2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

- Тасалж байгаа татвар байна уу?

- Байгаа. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн татвар 70 хувь, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар 80 хувь, бууны албан татвар 75 хувь, газрын төлбөрийн хураамж 87 хувийн гүйцэтгэлтэй байна. 
    
- Татварын дээрх нэр төрлүүд тасалдах болсон шалтгаан юу вэ?

- Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг аж ахуйн нэгж, байгууллага жилд дөрөв хувааж хийдэг. Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн үзлэг оношилгоо сая л эхэлж, сумдаар явж байгаа. Долоон сарын нэгэн гэхэд гүйцэтгэл нь өндөр хувьтай гарч ирнэ. Бууны албан татварын хувьд бол, хуулинд 12 дугаар сарын нэгэн хүртэл төлөх ёстой. Жилийн эцэс хүртэл тасалдсан татварын нэр төрлүүдийн төлөвлөгөө бүрэн биелэгдэх боломжтой.

- Баян-Өлгий аймаг хэдэн татвар төлөгчтэй вэ?

- Аймгийн хэмжээнд 1380 татвар төлөгч бүртгэлтэй байдаг. Үүнээс татварын байгууллагад тооцоогоо хийж, тайлангаа өгдөг 960 татвар төлөгч байна. Өрөөр хэлбэл компаниудын үйл ажиллагаа эрчимтэй явж байгаа гэсэн үг юм.

- Дээрх татвар төлөгчдийн хэд нь НӨАТ төлж байна?

- Хуулиар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш компанийг НӨАТ суутган төлөгч гэж нэрлэдэг. Тус аймагт НӨАТ төлдөг ийм 250 компани байгаа. Мөн долоон иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, баримт олгож байна.

- Хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон дэлгүүр, шатахуун түгээх станцууд баримт олгож байна уу?

- Энэ асуудалд татварын байгууллага маш ихээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Ихэнх сумдын шатахуун түгээх станцууд НӨАТ-ын баримт олгоод эхэлсэн. Баяннуур, Ногооннуур, Алтай, Цэнгэл сумдын дэлгүүрүүд НӨАТ-ын баримт олгохоор бэлтгэл ажлаа бараг хангасан.

- Сумдад үйл ажиллагаа явуулдаг бүх томоохон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид энэ жилд багтаан НӨАТ-ын баримт олгож эхэлнэ гэж ойлгож болох уу?

- Тэгж ойлгож болно.

- Аймгийн төвийн захуудад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид баримт өгдөггүй хэмээн иргэд шүүмжилдэг. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна?

- "Тирлик", "Ах дам" захуудад татварын хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Мөн мэдэгдэх хуудас, шаардах хуудас өгч, бүр болохгүй тохиолдолд хариуцлага ногдуулаад явж байна. Өнгөрсөн долоо хоногт "Тирлик" захад жимс ногоо худалддаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид кассын машин тавьж НӨАТ-ын баримт олгож эхэлсэн. Мөн "Ах дам" захад барилгын материал худалддаг дэлгүүрүүд ард иргэдэд баримт хэвлэн өгч үйлчилж эхэлсэн байгаа.

- Татвартай холбоотой ард иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

- НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой ард иргэдийн санаачилга, дэмжлэг бидэнд хэрэгтэй байгаа. Ялангуяа бараа худалдаж авахдаа заавал НӨАТ-ын баримт шаардах, өгөөгүй тохиолдолд татварын байгууллагад мэдэгдэх, гомдол гаргах замаар бидэнтэй хамтарч ажиллах шаардлагатай байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ