“Инновацийн үзэсгэлэн-2018”-д 200 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-05-10 17:09:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУА, МҮХАҮТ, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг энэ сарын 07-13-нд зохион байгуулж байна.
Энэхүү 7 хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголтыг түгээх, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой.
Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн-2018” энэ сарын 11-12-нд Улаанбаатар чуулгын байранд болно. Инновацийн нээлттэй үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй, эрдэм шинжилгээний 13, төрийн 6, хувийн хэвшлийн 41 байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ, Төрийн үйлчилгээний инноваци, Нийгэм, соёлын инноваци, Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, Инновацийн дэд бүтэц, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт долоон чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөжээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёл, төрийн үйлчилгээний инновацтай бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгоно. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай хэрхэн нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх юм.
 
Ж.Болор

Холбоотой мэдээ