НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-09 10:24:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас чөлөөлөх хугацаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд дууссан. Эдгээр материалыг татваргүй оруулж ирдэг байхад мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж Засгийн газар үзсэн байна.  Тиймээс дээрх материалыг гаалийн болон НӨАТ-ын татваас 2021 он хүртэл чөлөөлөхөөр хуулийн төслүүдэд тусгасан байна. Мөн хуулийг баталсан тохиолдолд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хойш хураасан гаалийн болон НӨАТ-ын албан татварын 97.9 сая төгрөгийн орлогыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд буцаан олгох аж.

УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд түлшний модны импортыг татвараас чөлөөлөх заалт нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зөв гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Энэ үеэр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн О.Батнасан гаргасныг олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ