Хятад-Америкийн Худалдааны дайн аль талд ашигтай вэ?

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-08 18:05:03
Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын талтай хоёр орны худалдааны салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээр хийсэн ч харамсалтай нь талуудын хатуу байр сууриас болж үр дүнд хүрээгүй билээ.
АНУ-ын тал Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг хоёр жилийн дотор 200 тэрбум ам.доллараар бууруулж, Хятад улсын эдийн засгийн дотоодын бодлогын холбогдох заалтуудыг өөрчлөхийг шаардсан.
Хятад улс АНУ-тай хийж буй худалдааны зөрүүг зориудаар ихэсгэж байгаа зүйл байхгүй, АНУ гол нь зарим салбарын Хятадын экспортыг хязгаарлахаар зорьж байна. АНУ-ын тал бидэнд биелүүлэх боломжгүй олон шаардлага тавьж байна хэмээн Хятадын Худалдааны яам дүгнэж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан уг хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Ши Жиньпиний эдийн засгийн зөвлөх, Хятадын Төрийн зөвлөлийн орлогч сайд Лю Хө дараа долоо хоногт Вашингтонд айлчилж, уг хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Хоёр талд ашигтай үр дүнд хүрэх болно хэмээн Цагаан ордон мэдээлэв.
БНХАУ-ын ГЕГ-ын статистикт 2017 оны Хятад-Америкийн худалдааны зөрүү 275 тэрбум ам.доллар гэсэн бол АНУ-ын талын статистик дүнгээр худалдааны зөрүү 375 тэрбум ам.доллар гэсэн дүн гарчээ. Ийнхүү талуудын статистик мэдээлэл зөрүүтэй байгаа нь хэлэлцээр хийх гол үндэс болж байгаа юм. 
Дэлхийн Худалдааны байгууллага болон Дэлхийн банкны нэмэгдсэн өртгийн тооцооллын аргаар бодоход АНУ, Хятад улстай хийж буй худалдааны алдагдлыг дор хаяж гуравны нэг хувиар бууруулах шаардлагатай аж. Хэрвээ Хятад улс 2020 он гэхэд худалдааны зөрүүг 200 тэрбум ам.доллараар буурууллаа гэж үзэхэд худалдааны зөрүү ердөө 75 тэрбум ам.доллар болох юм. Тиймээс хоёр орны өнөөгийн худалдааны бодит байдлаас дүгнэхэд энэ нь боломжгүй зүйл болоод байна.
Ямартай ч АНУ, БНХАУ улс нь харилцан хамааралтай дэлхийн нэг, хоёрт эрэмбэлэгдэх эдийн засаг, худалдааны эргэлттэй улс. 2017 онд тус хоёр улсын худалдааны эргэлт 580 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс талууд дунд үүсээд буй худалдааны асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх нь зөвхөн хоёр улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, дэлхийн эдийн засаг тогтвортой байхад чухал нөлөөтэй.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ