МВА-гийн Дээд лигийн дараагийн тоглолт лхагва гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-08 12:41:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн медалийн төлөөх тоглолтууд үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр буюу даваа гарагт “Төв Ургац” баг “Хасын хүлэгүүд”-ыг 104:99-өөр хожжээ.

Энэ өдөр цувралын хоёр дахь тоглолтууд болов. Дээд лигийн финалд шалгарсан “Төв Ургац” болон “Хасын хүлэгүүд” багууд эхний тоглолтоо хийлээ. Цувралын эхний тоглолтод  хожил аваад байсан Хүлэгүүд тоглолтын эхлэлийг сайн хийж чадсан бол “Төв Ургац” багийн залуус удалгүй онооны зөрүүг нөхөж чадлаа.

Улмаар дөрвөн үеийн туршид багууд  ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд  сүүлийн минутад “Төв Ургац” баг төгсгөл хийж 104:99-өөр хожиж цувралыг 1-1 болгон тэнцүүлэв. “Төв Ургац”-аас холбогч Энтони Харрис сайн тоглож  33 оноо, 8 удаа самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол довтлогч С.Эрдэнэдалай, Маркус Хэммондс, Ди Анжело Хамилтон, хамгаалагч Д.Мөнхтөр нар 10 дээш оноо авч сайн тоглолоо.

Харин ялагдал хүлээсэн Хүлэгүүдээс багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 33 оноо авч багаа тэргүүлсэн бол ОУХМ Т.Санчир, О.Сэргэлэн, төвийн тоглогч Жөү Рэйд, Жэй Ди Видерспүүн нар тус бүр 10 дээш оноог авсан байна. Цувралын дараагийн тоглолт Лхагва гарагт 19:30 цагаас эхэлнэ.

Харин энэ өдрийн хоёр дахь тоглолтыг хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа “Алдар Танан Гарьд” - “Этүгэн Ирвэсүүд” багуудын хооронд болов. Цувралын эхний тоглолтод “Алдар Танан гарьд” багийхан олон онооны зөрүүтэй ялалт байгуулсан бол энэ удаа ч давтагдлаа.

Тоглолтын эхний хагаст 20 орчим онооны зөрүүг бий болгосон Гарьд үндсэн цагт 129:93 харьцаатай ялалт байгуулснаар, цувралыг 2:0 болгож чадлаа. “Алдар” спорт хорооны багаас залуу хамгаалагч О.Эрдэнэцогт 24 оноо 10 самбараас бөмбөг авалт хийж тэргүүлсэн бол хамгаалагч Б.Болдбаатар, ОУХМ Б. Мөнхболд, довтлогч Винс Гарретт, төвийн тоглогч А.Харрис нарын тоглогчид тус бүр 10 дээш оноо авсан байна.

Харин ялагдал хүлээсэн Ирвэсүүдээс ОУХМ Д.Мөнхтүвшин 18 оноо авсан бол залуу хамгаалагч О.Дөлгөөн, Г.Болд,төвийн тоглогч У.Төгсцөгт нар мөн 10 дээш оноо авчээ. Цувралын дараагийн тоглолт маргааш 18 цагаас СТО-д эхэлнэ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ