Боловсролын байгууллагуудад галын аюулгүй байдлын шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-07 20:53:55
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу дөрөвдүгээр сард боловсролын байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалт нь гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм. Галын аюулгүй байдлыг хангах шалгалтад Сайнцагаан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдын 10 цэцэрлэг, 9 сургууль буюу нийт 19 боловсролын байгууллагыг хамруулжээ. Түүнчлэн шалгалтын үеэр 50 гаруй зөрчил, дутагдал илэрснээс 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлжээ. 

Шалгалтын явцад цахилгааны гэмтэлтэй утас ашигласан, шатах материал дээр цахилгаан хэрэгсэл залгасан, гамшгаас хамгаалах төлөвлөгөө хянуулж, батлуулаагүй, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, аваарын нөөц гарц хаасан, аврах зам гарцын схем зураг байхгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл дутуу зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн хэмээн Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн Улсын хяналтын байцаагч Б.Доржхорол мэдээллээ.

Албан шаардлагын хугацаа 7-21 хоног байх ба тогтоосон хугацааны дараа биелэлтийн шалгалтыг дахин явуулах аж.
 
Б.Ундармаа

 
Холбоотой мэдээ