Нүдний хүндрэл илрүүлэх үзлэгт 270 хүнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-06 11:11:47
Дундговь /МОНЦАМЭ/. АШУҮИС, Ротари клуб хамтран “Саруул Монголчууд III” төслийн хүрээнд Дундговь аймгийн иргэдэд чихрийн шижингээс шалтгаалсан нүдний хүндрэл илрүүлэх үзлэгийг хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Дундговь аймгийн хэмжээнд чихрийн шижингээр өвчлөөд гурваас дээш жил болж буй буюу тогтмол хяналтад байдаг 197 хүнээс тус илрүүлгийн үзлэгт 185 хүнийг хамруулжээ. Түүнчлэн 60-аас дээш насны өндөр настнуудад болрын цайралт, нүдний даралтын үзлэгийг нийт 270 хүнд хийсэн байна.  

Чихрийн шижин өвчний эхний хүндрэл нь хараа алдалт байдаг бөгөөд хараа алдах явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг хийж байгааг төслийн багийнхан онцлов.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч П.Цэцэгмаа, “Ард иргэд маань чихрийн шижингээс шалтгаалсан хараа алдалтаас сэргийлэхийн тулд зургаан сар тутам нүдний эмчид нүдний угаа дурандуулж байх шаардлагатай. Хараа алдсан тохиолдолд эргэж сэргэхэд маш хүндрэлтэй байдаг. Тиймээс иргэд өөрсдөө маш хариуцлагатай байж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй” гэв. 

Түүнчлэн чихрийн шижингээр өвчилсөн тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгээс гадна хөдөлгөөн болон хоолны дэглэм маш чухал гэдгийг анхаарууллаа.
Б.Ундармаа
 

Холбоотой мэдээ