Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй байхыг АНУ-д уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-03 18:57:19
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/.  Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриалжээ.

А.Гутерриш “Би-Би-Си” телевизэд өчигдөр ярилцлага өгөхдөө “2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр авч үлдэхгүй бол дайн дэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.

Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.

Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг “маш муу хэлэлцээр” болсон гэж Д.Трамп шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай нэг бус удаа цухуйлгаж байв. Д.Трамп уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэхийг энэ сарын 12-ноос өмнө шийдэх ёстой юм.

Үүнтэй холбогдуулан А.Гутерриш хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсан нь “маш чухал дипломат ялалт” юм. Тиймээс энэ хэлэлцээрийг хэвээр авч үлдэх нь чухал. Хэрвээ бид энэ хэлэлцээрийг хэвээр авч үлдэж чадахгүй бол маш аюултай зүйлтэй тулгарах эрсдэл нүүрлээд байна” гэжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ