“АВТ Төв Ургац” баг Дээд лигийн шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-01 16:30:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсанбөмбөгийн холбооны 19 дэхь удаагийн Дээд лигийн тэмцээн үргэлжилсээр байна.

Даваа гарагт плейоффын цувралын 6 дахь тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх эхний багийн нэр тодорлоо. Спортын төв ордонд энэ өдөр Дээд лигийн плей оффын эхний шатны цувралын зургаа дахь тоглолтууд болсон бөгөөд эхний тоглолтыг “АВТ төв ургац” болон “Алдар танан гарьд” багуудын  хооронд болов. Цувралыг 3:2 харьцаатай “АВТ төв ургац” баг тэргүүлж байсан учраас “Алдар танан гарьд” баг хожигдох эрхгүй тоглолтыг хийсэн юм. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй үргэлжилж эхний гурван үед багуудыг ердөө 1-3 оноо зааглаж байв.

Харин тоглолтын төгсгөлийг Ургац баг тун сайн хийсэн байна. Шийдвэрлэх үед багаараа хэд хэдэн удаа сайн хамгаалалт хийж чадсан тэд үндсэн цагт 102:94 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар цувралд 4:2 харьцаатай тэргүүлж МСБХ-ны Дээд лигийн финалд анх удаа шалгарлаа. Ургацаас холбогч Энтони Харрис онцгой сайн тоглосон бөгөөд 41 оноо 11 оновчтой дамжуулалт өгч тоглолтын шилдгээр нэрлэгдэв.
Мөн төвийн тоглогч ДиАнжело Хамилтон 23 оноо 10 самбар, хамгаалагч Д.Мөнхтөр 11 оноо 4 бөмбөг таслалтаар тус тус шилдэг болжээ.

Харин ялагдал хүлээсэн “Алдар танан гарьд” багаас довтлогч Винс Гарретт 42 оноо 7 самбар 4 оновчтой дамжуулалт өгч сайн тоглосон бол ОУХМ О.Ууганбаяр, холбогч Уолтер Врайт нар тус бүр  10 дээш оноог авсан байна. Тэд ийнхүү Дээд лигийн хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Харин энэ өдрийн сүүлийн тоглолт “Ард этүгэн ирвэсүүд”, “”Хасын хүлэгүүд” багуудын хооронд өрнөлөө. Цувралыг “Ард этүгэн ирвэсүүд” 3:2-оор тэргүүлж байсан бөгөөд цом хамгаалагч Хүлэгүүд мөн л хожигдох эрхгүй тоглолтыг хийсэн юм.

Улмаар тэд тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан байна. Дасгалжуулагч Д.Пүрэвдорж  хамгаалалтын шугамандаа ОУХМ Б.Батжавхлан, О.Сэргэлэн,  Э.Цэвэлдорж, А.Дорж-Арилд нарыг  түлхүү ашигласан нь үр дүнгээ өгч эхний хагас 9 онооны зөрүүг бий болгожээ. Энэ байдал сүүлийн хагаст ч хадгалагдсан бөгөөд төвийн тоглогч Жэй Ди Видерспүүний сайн тоглолт багаа ялалтад хөтөлсөн байна. Улмаар Хүлэгүүд үндсэн цагт 96:87-гоор хожжээ.

Жэй Ди Видерсүүп энэ өдөр 23 оноо 5 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Жөү Рэйд 17 оноо 12 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Мөн ОУХМ Т.Санчир 13 оноо 7 самбар, ОУХМ Б.Батжавхлан 17 оноо5 оновчтой дамжуулалт өгч сайн тогложээ.

Харин Ирвэсүүдээс холбогч Жонатан Хадсон 21 оноо авсан бол ОУХМ Г.Баттөр 16, багийн ахлагч Д.Мөнхтүвшин 15, төвийн тоглогч Хакийм Жэксон 12 оноог тус тус авсан байна. Ийнхүү хоёр багийн цуврал 3:3 харьцаатай болж тэнцлээ. Шийдвэрлэх долоо дахь тоглолт Лхагва гарагт 19 цагаас Спортын төв ордонд болно.
Д.Өлзий
Холбоотой мэдээ