НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Ан Сан Су Читай уулзжээ

ДЭЛХИЙД | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2018-05-01 11:50:58
НҮБ. /Синьхуа/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд өчигдөр Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Читай уулзаж, тус улсаас хөрш Бангладеш руу дүрвэсэн рохинжачуудын асуудлыг авч хэлэлцсэн тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч  Стефан  Дужаррик мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
С.Дужаррик өчигдөр НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Азид ажлын айлчлал хийж байгаа. Тэд өнөө өглөө Дакка хотод Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасинатай уулзсан. Дараа нь Мьянмарын нийслэл Нейпьидо хотод очин Ан Сан Су Читай уулзсан. Бангладешт дүрвэж очоод буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын асуудлыг уулзалтуудын үеэр хөндсөн” гэжээ.
 
Аюулгүйн Зөвлөлийнхөн өнөөдөр рохинжачууд голдуу амьдардаг Мьянмарын Ракхайн мужид очиж, нутгийн удирдлагууд болоод иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзах ажээ.
 
Рохинжа босогчид цагдаагийн постууд руу халдан цагдаа нарын аминд хүрсэн гэх хэрэгтэй холбоотойгоор Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн зун босогчдыг дарах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас өнгөрсөн оны наймдугаар сарын 25-наас хойш Ракхайн мужаас Бангладеш руу 670 мянга гаруй рохинжа хүн дүрвэсэн юм. Сүүлд бас рохинжачууд голдуу хэдэн мянган хүн Мьянмараас Бангладеш руу дүрвэсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Бангладешт байгаа рохинжа дүрвэгчдийн тоо 1 саяас даваад байна” гэсэн юм.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын албаны хүмүүст дүрвэгчид ярихдаа “Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн бидний тосгоныг булааж, галдан шатаасан. Эрэгтэйчүүдийг хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн” гэж ярьжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ