Мүн-Кимийн уулзалт Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход тусална гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-27 09:35:49
ВАШИНГТОН. /Ёнхап/. Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоох замыг засна гэдэгт найдаж байгаагаа Цагаан ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны тэргүүн Сара Сандерс саяхан мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай түүхэн уулзалт хийж байгаатай холбогдуулан нийт солонгос үндэстэнд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэж байна. Энэ дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт бүхэлд нь энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоох замыг засна гэдэгт бид найдаж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын удахгүй хийхээр төлөвлөсөн уулзалтын бэлтгэл ажлыг Сөүлтэй хамтран базааж байгааг С.Сандерс мөн мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ