Монгол,Оросын Аюулгүй байдлын байгууллагын зөвлөлдөх уулзалт боллоо

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-04-26 11:46:54
Москва /МОНЦАМЭ/.Монгол, Оросын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Москва хотноо боллоо. 
Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна.
 Айлчлалын хүрээнд хоёр орны Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулахын салбарт хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцов.Түүнчлэн хоёр талын зарим төлөөлөгч өөрсдийн хариуцсан салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавьж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллах санал дэвшүүллээ.  
Мөн үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж Монгол, ОХУ нь уламжлалт сайн хөршийн харилцаагаа хөгжүүлж ирсэнийг тэмдэглээд хоёр улсын аюулгүй байдлын асуудал харилцан уялдаатай гэдэгтэй санал нийлж, олон улсын харилцаа, бүс нутгийн зарим асуудлаар харилцан бие биенээ дэмжихийн чухлыг онцлов.
 Зөвлөгөөнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал, С.Энхбат, ЗХЖШ-ын дарга Д.Даваа, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль, ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга Ж.Амгалан, Оросын талаас ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын туслах А.Н.Венедиктов, ОХУ-ын Хууль зүйн нэгдүгээр орлогч сайд О.А.Плохой, ОХУ-ын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч О.Л.Салюков, ОХУ-ын “РосАтом” компаний Ерөнхий захирлын зөвлөх В.П.Кучинов, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны шинжээч Д.Н.Добровольский, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрхлэгч В.В.Наумкин,  ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин, тус улсын ГХЯ, Аюулгүйн зөвлөлийн зарим төлөөлөгчид оролцлоо.
 Төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж энэ сарын 24-26 өдөр Сочи хотноо болох Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын өндөр, дээд албан тушаалтны Олон улсын 9 дүгээр чуулга уулзалтад оролцоно.
Л.Нандиа

Холбоотой мэдээ