Олон улсад зөвшөөрөгдөөгүй Д витамины туршилтыг таслан зогсоохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-04-24 14:30:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс олон улсад зөвшөөрөгдөөгүй хүүхдийн Д витамины туршилт явуулж байна хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хэрэгжүүлэх “Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм эмнэлзүйн туршилт, судалгааны төсөлд нийслэлийн 6 дүүргийн 15 сургуулийн 8214 хүүхэд хамарчээ.

"Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-ийн тэргүүн Б.Алтанжолоо хэлэхдээ, "2017 онд уг төсөлд хамарсан хүүхдийн биеийн байдалд гарсан сөрөг үр дагаврыг эцэг эхийн төлөөлөл мэдэгдсэнээр уг асуудлын талаар хөөцөлдөж, нэлээд ноцтой баримт материал бүрдүүлсэн. Гомдлын дагуу судалж үзэхэд энэхүү витаминыг албадан уулгах үйл ажиллагаа хоёр удаа хийсэн болохыг тогтоосон. Хүүхдүүдэд туршилт судалгаа хийх ажлыг ЭМЯ олгож, БСШУЯ хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон. Судалгаанд хамарсан хүүхдүүдийн биед гарсан сөрөг нөлөөний тухай эцэг эхчүүдээс ирсэн гомдлын дагуу хүүхдэд хийх туршилтыг нэн даруй таслан зогсоох, цаашид нягтлан шалгах, өвчилсөн хүүхдүүдийг эрүүлжүүлэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлнэ. Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл ТББ нь Монголын гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөө нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Бид энэ төслийг Монгол хүүхэд, Монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үйл ажиллагаа буюу "Биологийн туршилт" гэж үзэж байна. Тиймээс нийт эцэг эхчүүд анхааралтай байж Д витамины туршилтад хүүхдүүдээ оруулахгүй байж,  хохирсон хүүхэд байвал манай байгууллагад хандахыг хүсч байна. Монгол хүүхдийг туршилтын бай болгож байгаад бид маш их харамсаж, жигшин зэвүүцэж байна. Цаашид бид шат дараалсан арга хэмжээг авна" гэв.
Уг зөвлөлөөс туршилтад хамарч буй хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулан, гарсан өөрчлөлтийн талаарх гомдол хүсэлтээ тус байгууллагад гаргах, энэхүү үйл ажиллагааг таслан зогсооход хамтран ажиллахыг уриаллаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ