Майк Помпеог АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болгохыг Сенатын хороо дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-24 12:22:16
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/.  АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал Майк Помпео-г Төрийн нарийн бичгийн дарга болгохыг Сенатын хороо дэмжсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

М.Помпеог Төрийн нарийн бичгийн дарга болгох саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэвшүүлсэн билээ.

АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо М.Помпеог Төрийн нарийн бичгийн дарга болгохыг дэмжих эсэх асуудлаар даваа гарагт санал хураасан байна. Тус хороонд олонхи болох Бүгд Найрамдах намынхны саналаар тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг Рекс Тиллерсоноос авахаар болж байна.

Өдгөө ТТГ-ын захирлын албан тушаалыг хашиж байгаа М.Помпео нь ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж буй АНУ ба Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг базаахад гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр энэ сарын эхээр Пхеньянд нууцаар айлчлан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ