Хоёр Солонгос ажил хэргийн түвшний хэлэлцээ хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-23 12:48:37
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ долоо хоногийн сүүлчээр хийхээр товлоод буй хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Өмнөд болон Умард Солонгос өнөөдөр ажил хэргийн түвшний хэлэлцээ хийсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Ажил хэргийн түвшний хэлэлцээг Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нарын уулзалт болох Панмүнжом тосгонд хийсэн аж. Мүн Жэ Интэй Умард Солонгосын удирдагч дээд хэмжээний уулзалт хийхээр өнгөрсөн сарын 5-нд тохиролцсоноос хойш хоёр Солонгос гурав дахь удаагаа ажил хэргийн түвшний хэлэлцээ хийсэн нь энэ юм.

Хоёр Солонгосын удирдагчид энэ долоо хоногийн баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийх юм.

Хэрвээ аюулгүй байдлын баталгаа олговол цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахад бэлэн буйгаа Умард Солонгосын удирдагч илэрхийлээд байгаа билээ.

Хоёр Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд өнөө хэр нь “дайны байдал”-тай байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны мэдэгдсэнээр, хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалтын үеэр түр эвлэрлийн гэрээгээ энхийн гэрээ болгох арга замуудыг авч хэлэлцэж магадгүй.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ