С.Ангирмаа: Илүү их хичээж, дэлхийд нутгийнхаа нэрийг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-22 17:20:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын хацар гоо охид хаа ч явсан өөрсдийн ухаан, үзэсгэлэн гоо, авьяас билгээрээ ялгарч чаддаг. Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ийн Т.Бумандэлгэр багштай 9Б ангийн сурагч Сүхбаатарын Ангирмаа юм. Тэрээр Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Best Princess Prince of the world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 3 титэмт шагнал хүртэн амжилт дүүрэн ирлээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдснөө уншигч олноо хүргэж байна.
- Сайн уу? Ангираа. Юуны түрүүнд баяр хүргэе. 
- Баярлалаа. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлаж байна.
- Яг шагнал гардаж авч байх үеийн сэтгэгдлээ хуваалцаач?
- Хамгийн түрүүнд аав ээж минь бодогддог юм билээ. Тэгээд ямар ч байсан надад итгэж найдсан хүмүүсийнхээ найдварыг алдсангүй дээ би гэж бодоход юунаас ч илүү баярласан даа.
- Бэрхшээлтэй зүйл хэр тохиолдсон бэ? Их туршлага хуримтлуулж ирсэн биз дээ?
- Бэрхшээлтэй зүйл мэдээж байлгүй яахав. Энэ том тэмцээнд оролцоход төрөл бүрийн хувцас өмсдөг. Бүх өмсгөл хэрэглэлээ өөрсдөө бэлдэнэ. Түүнийгээ тээвэрлэхэд нугалж атирах гээд амаргүй. Мэдээж санхүүгийн асуудал гарна. Надад олон хүн тусалсан. Онцолж хэлэхэд Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал ах, миний гэр бүлийнхэн, ах дүү нар маань намайг их дэмжиж тусалсан. Тэднийхээ итгэл найдварыг алдалгүй амжилт гаргаад ирсэндээ үнэхээр баяртай байна. Тэнд 4 цагийн зөрүүтэй. Цагийн зөрүүнээс болоод бага зэрэг хүндрэлтэй санагдаж байсан. Мөн тайз нь хальтиргаатэй байсан болохоор өсгийтэй гуталтай үзүүлбэрээ үзүүлээд алхахад хальтрах гээд их сандарсан. Энэ бүхний дараа олон зүйлийг мэдэж ойлгож авсан шүү.
- Хүсэл мөрөөдөл чинь ерөөсөө л мисс болох байв уу?
- Тийм. Би багаасаа мөрөөдөж ирсэн. Ингээд 2017 онд болсон “Хаврын гоёл” тэмцээнд амжилттай оролцож 3-р байрыг эзэлсэн надад их урам хайрласан. Өнөөдөр ийнхүү “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээнд том амжилт гаргасан нь улам хичээх ёстойг мэдрүүлж өглөө.
- “Мисс монголиа” тэмцээний тэргүүн Б.Гантогоо мөн Ханбогд сумын уугуул юм байна. Түүний дараагийн залгамж халаа нь миний дүү болчихлоо шүү дээ? 
- Тиймээ. Сая намайг  бэлтгэж явуулсан багш маань “Мисс монголиа” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо эгч. Бас би шавь нь болоод ирсэн. Мөн “Тансаг мода” агентлагийн Соко, Уянгаа багш нар маань бас тусалж дэмжсэн 
- Анхны багш нь хэн билээ? Хэзээнээс мөрөөдөлдөө хүрэхээр бэлтгэж эхэлсэн юм бэ?
- 2017 оноос хамгийн анх U модел агентлагийн Урнаа багшаараа тайзны алхаа заалгаж эхэлсэн.
- Нэг жилийн дотор хангалттай том амжилт гаргажээ. Аргагүй л чамаар бахархахгүй байх арга алгаа.
- Маш их баярлалаа. Цаашдаа би сумынхныхаа, гэр бүл, найз нөхдийнхөө итгэл хайрыг дааж улам их хичээж, илүү амжилт гарган Өмнөговь аймаг, Ханбогд нутгийнхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан мундаг мисс болно гэж шийдсэн.
- Мисс хүн ямар байх ёстой вэ? Багш нар нь юу гэж захиж байх юм?
- Хамгийн наад захын асуудал нь хувцаслалт, биеэ авч явах чадвар энгийн хүнээс хэд дахин илүү хөгжсөн байх ёстой гэж багш маань хэлдэг. Боловсрол мэдлэгээ давхар мөн хэд дахин илүү хөгжүүлэх учиртай гэсэн. Мөн хэлний бэрхшээлгүй байх хэрэгтэй л дээ.
- Чи өөр ямар нэг авьяастай юу?
- Би бүжиглэх дуртай. Сая тэмцээний үеэр монгол бүжгийн урлагийг харуулж, хамгийн өндөр оноог авсан. Цаашдаа Монголын маань өв соёлын илэрхийлэл гэдэг утгаараа морин хуураар хичээллэх төлөвлөгөөтэй байгаа. 
- Гэр бүлээ танилцуулаач Ангираа? Айлын хэддэх хүүхэд вэ?
- Би бага нь. Аавыг маань Буянтогтохын Сүхбаатар гэдэг. Манлай сумын харьяат. Ээжийг Думаагийн Урнаа гэнэ. Ханбогдын уугуул иргэн. Би дээрээ нэг ах, нэг эгчтэй. Гэр бүлээрээ сумандаа сайхан амьдарч байна.
- Тэндэхийн юу чиний сэтгэлийг татаж байв? Тохиолдсон хөгжилтэй сонирхолтой зүйл байвал яриач?
- Тухайн орны соёл уламжлал, бүжиг нь үнэхээр сонирхолтой байсан. Бид нэг өдөр автобусаар зугаалж яваад Монгол хүүхдүүд “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш”, Монголын “Төрийн дуулал”-аа дуулахад гадаадын 40 гаруй улсын хүүхдүүд биднийг дагаж дуулсан нь их сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
- Ярилцахад тун сонирхолтой байлаа? Хэн нэгэнд хандаж хэлэх үг байна уу? 
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал ахдаа маш их баярлалаа. Хамгийн анх оролцож байгаа том тэмцээнд минь итгэл найдвар хүлээлгэн намайг амжилтанд хүргэсэнд тань чин сэтгэлээсээ талархлаа. Таны цаашдын ажил амьдралд томоос том амжилт хүсье гэж юуны өмнө хэлмээр байна. Мөн “Мисс монголиа” аялал жуулчлалын тэргүүн Б.Гантогоо багшдаа маш их баярлалаа. Би таны үргэлжлэл болох Монгол орон тэр тусмаа Галбын говийнхоо нэр төрийг дэлхийд цуурайтуулна. Бас нутгийн маань эгч ХМТА, ахмад зохиолч Ч.Амгалан эгч надад зориулж гайхалтай гоё шүлэг зохиосонд баярлаад баршгүй нь. Анх удаа л надад зориулсан шүлэг болохоор би үнэхээр их баярлаж бахархаж байна. Намайг дэмжсэн бүх хүндээ баярлалаа.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Амжилт бүхэн чинийх байг.
Д.Мишигсүрэн
 
 
 
 
Холбоотой мэдээ