Зохиолч Р.Шынайн "Тайранхай гарт бүсгүй" жүжиг Казахстаны театрт тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-22 16:42:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Р.Шынайн "Тайранхай гарт бүсгүй" эмгэнэлт жүжиг Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн Семей хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд тоглохоор болжээ.

Хүний өгөөмөр сэтгэл, энэрэнгүй ёсны талаар өгүүлдэг уг жүжгийн найруулагчаар нь Дорнод Казахстан мужийн Казах Драмын Театрын уран сайхны найруулагч С.Акелеев, зураачаар нь Д.Алдабергенов нар ажиллаж байгаа аж.    

Зохиолч "Тайранхай гарт бүсгүй" жүжгийг 1991 онд казахын ард түмний суут найрагч, соён гэгээрүүлэгч Ү.Ахытын ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бичсэн бөгөөд 1991-1993 онуудад Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрт гурван удаа тавигдсан байна.

Уг бүтээл нь зохиолчийн Казахстан Улсын тайзнаа тавигдаж буй анхны жүжиг юм. Өмнө нь "Ханийн хүсэл", "Бүргэд", "Одоо юу хийх вэ" жүжгүүд нь аймгийн Хөгжимт Драмын Театрын тайзнаа амилж байжээ.


Ө.Нурболат


Холбоотой мэдээ