Дөрвөн бүлгийн залуусын үйлдвэрлэлийг 40 сая төгрөгөөр дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-20 17:16:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газраас Алтай нутгийнхаа бүтээлч залуусын бизнес санааг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор "Startupweekend Govi-Altai" хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж шинэлэг санаа гаргаж эхний байрт шалгарсан дөрвөн бүлгийн залуусын үйлдвэрлэлийг тус бүр 10 сая төгрөгөөр дэмжлээ.
Энэхүү хөтөлбөр арга хэмжээг энэ сарын 17-19-ний өдрүүдэд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групп, Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн зохион байгуулагчид: "Хөдөө орон нутгийн залуусын гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийн онцлог шинжийг агуулсан цахиур хагалсан бизнес санааг шинээр гаргаж ирэх, дэмжих, орон нутгийн залуучуудыг гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгоход чиглэгддэг ач холбогдол бүхий арга хэмжээ юм" хэмээн онцолж байлаа.
Сургалт-арга хэмжээний нэгдүгээр шатны бүртгэлд тус аймгийн гарааны бизнес эрхлэх сонирхолтой 130 залуу бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 70 нь шалгарч бизнес санаагаа уралдуулснаас нэгдүгээр байрт "Соёмбо" багийн санаачилсан ноолууран аяны хөнжил шалгарчээ. Уг хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд найман удаа зохион байгуулагдах юм.
Ерөнхий зохион байгуулагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар нь өнгөрсөн оноос орон нутгийнхаа залууст чиглэсэн “Алтайн баялаг-Залуус” хөтөлбөрийг боловсруулан, үүний хүрээнд “Startupweekend Gowi-аltai” хөтөлбөрийг хоёрдахь жилдээ зохион байгуулж буй юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ