Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийн шүүх хурал ирэх сарын 3-наас эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Ёнхап/. Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн, компанийн мөнгө завшсан зэрэг хэрэгт холбогдоод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийн шүүх хурал ирэх сарын 3-наас эхэлнэ гэж Сөүлийн шүүх өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
2008-2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажилласан И Мён Бакийг 16 зүйл ангиар, тухайлбал 11.1 тэрбум вон буюу 10.4 сая ам.долларын авлига авсан хэргээр яллаж байгаа юм. Өдгөө 76 настай түүнийг мөн нууцаар эзэмшдэг байсан компаниасаа 35 тэрбум вон буюу 32 сая ам.долларыг завшиж, татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байна.
Авсан авлигынх нь хэмжээгээр түүний хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг Сөүлийн шүүх өчигдөр гаргажээ.
Урьдчилан хорих төвд өнгөрсөн сараас хоригдож эхэлсэн И Мён Бак өөрийгөө “Ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсээр байна.
Г.Доржханд