Турк улс ээлжит бус сонгууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-19 10:37:17
АНКАРА. /Ройтерс/. Энэ оны зургадугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зарласныг “Ройтерс” агентлаг уламжлав.

Төлөвлөгөө ёсны дагуу бол тус улс парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиа ирэх оны 11 дүгээр сард хийх ёстой байсан юм.

Р.Т.Эрдоган лхагва гарагт телевизээр үг хэлэхдээ “Хуучин тогтолцооны ужиг өвчнөөс аль болох эрт салахын тулд бид сонгуулийг товлосон хугацаанаас өмнө хийх шаардлагатай байна. Сири болон бусад улс орны нөхцөл байдал нь улс орныхоо ирээдүйн төлөө шинэ засаглалд шилжиж, илүү хүчирхэгжих замаар урагшлах хэрэгтэй болохыг бидэнд сануулж байна” гэжээ.

Турк улс нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулснаар “бэлгэдэл” төдий байсан ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг өргөжүүлсэн билээ.

Хэрвээ ээлжит бус сонгуульд эрх баригчид ялвал 2002 оноос Туркийг удирдаж буй Р.Т.Эрдоганы эрх мэдэл улам бүр нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ